Г.Батхүү: Осол, зөрчил олон гаргах тусам торгууль нэмэгдэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хууль санаачлагч Г.Батхүү гишүүнтэй ярилцлаа.
Хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ. Энэхүү хуулийн онцлог юу вэ?
Өнөөдөр үйлчилж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтайгаа нийцэхгүй байгаа. Яагаад гэхээр Монгол Улс 6000 тээврийн хэрэгсэлтэй, 2 сая хүрэхгүй хүн амтай байх үед боловсруулж, баталж байсан хууль одоог хүртэл үйлчилсээр байна. Гэтэл өнөөдөр автомашины тоо 100 дахин нэмэгдэж 700 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй болсон.
Дөрвөн хүн тутамд нэг машин ногдож байна. Гурван хүний нэг нь жолооч болчихсон ийм цаг үе Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг бүхлээр нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэж байгаа юм. Нөгөө талаас өнөөдөр жилдээ 500 орчим хүн авто замын ослоос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Үүн дотор 50 гаруй нь хүүхэд байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч, тулгамдсан асуудал болж байгаа юм.
Шинээр батлагдаж байгаа хуулиар бол замын хөдөлгөөний аюулгүй байдал нь үндэсний хэмжээнд, бүх салбарын оролцсон, хүлээх үүрэг, үүрэх хариуцлага нь өргөсөж байгаа.
Хариуцлагын тогтолцоог нэлээд нэмэгдүүлсэн гэсэн.Тодруулбал, ямар заалтууд оруулж өгсөн бэ? Тухайлбал, авто машин оруулж ирээд оношилдог.
Тээврийн хэрэгслийг оношлоод хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тодорхойлсны дараа хөдөлгөөнд оролцдог. Гэтэл дараа нь техникийн асуудлаас үүдэлтэйгээр тухайн машин осол гаргавал бурууг оношилгоо хийсэн хүн хариуцна гэх мэтээр зохицуулалтууд орсон. Жолоочийн дадлага туршлагагүй байдал, онолын мэдлэггүйгээс болж гаргасан осол аваарыг тухайн жолооны үнэмлэх өгч, сургасан албан тушаалтантай хариуцлага тооцдог байхаар заалт оруулж өгч байгаа.
Зам барьж байгаа компани эсвэл төрийн байгууллага, эсвэл гэрэл гэрэлтүүлгийг дутуу хийсэн, эвдрэл гэмтэлтэй хийсэн зэргээс шалтгаалан гарсан осол аваарын хариуцлагыг мөн тухайн компани байгууллага үүрдэг байхыг хатуу зааж өгч байна. Тэгэхээр гарцыг тэмдэглэж өгөөгүйгээс болоод эсвэл гэрэлтүүлэггүй харанхуйгаас болоод гарсан осол зөрчлийн бурууг хийгээгүй компани нь хариуцна гэсэн үг.
Торгуулийн хэмжээний талаар?
Нэг удаа улаан гэрлээр орсон, хорин удаа улаан гэрлээр орсон жолооч яг ялгаагүй торгууль төлдөг. Тэгэхээр энэ байдлыг шийдвэрлэнэ. Нэг удаа зөрчил гаргасан бол арай бага торгууль төлдөг, нэлээд хэд дэх удаагаа зөрчвөл илүү өндөр торгууль төлдөг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.
Өнөөдрийн үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль маань дэлхийн бусад оронтой харьцуулахад торгуулийн хэмжээ, шийтгэл маш сул байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулбал маш бага мөнгөөр 1000-5000 төгрөгөөр торгоод явуулчихдаг жишээ бий. Мөн 2 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна гэх заалт байгаа боловч үзэмжээр торгуулийг ногдуулаг тал ажиглагддаг. Тиймээс торгуулийн талаар хатуу заалтууд оруулсан.
Тухайлбал анх удаа согтуугаар машин жолоодсон тохиолдолд 2 жилээр эрхийг нь хасаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 нугалсантай тэнцүү мөнгөн торгууль төлөхөөр байгаа. Дараагийн удаа давтан согтуугаар машин баривал 3 жилээр эрхээ хасуулаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх юм.
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн анхаарсан бэ?
Осол зөрчилд хүүхдүүд ихээхэн өртөж байна. Тэгэхээр хүүхдүүдэд цэцэрлэг, сургуульд байхад нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдлэг, сургалт хичээлийг оруулдаг байхаар зааж байгаа. Мөн хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа асран хамгаалагч хүнтэй байхаар, тодруулбал 10 хүртэлх насны хүүхдийг заавал асран хамгаалагчтай цуг замын хөдөлгөөнд оролцдог байхаар тусгаж өгсөн.
Мөн машины хүүхдийн суудлын талаар байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр саналууд их хэлж байна. Энэ талаар оруулж өгөх байх. Жолооч нар тодорхой оноотой байна. Нэг удаа осол, зөрчил гаргахад тэр онооноос хасагддаг байх юм. Олон удаа осол зөрчил гаргаад оноо нь дуусах үед тэр хүний жолоодох эрхийг нь хаана. Тэр хүн эргээд жолооны дадлага болон онолын шалгалт өгч байж жолооны эрхээ сэргээх байдлаар явна.