2010.12.03

Газрын гүний дулааныг ашиглан цэцэрлэгийн барилгыг дулааны эрчим хүчээр хангах төсөл Төв аймагт амжилттай хэрэгжлээ


Төв аймгийн Зуунмод хотын Зүүндэлгэр багийн “Ирээдүй” цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаан ашиглан халаах туршилт хийсэн нь амжилттай боллоо.


Цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаанаар хангах барилга угсралтын ажлыг хүлээлцэх ёслол 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотноо болж УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, УИХ-ыг гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Су.Батболд, ЭБЭХ-ний дэд сайд, Монголын газрын гүний дулааны шахуургын холбооны ерөнхийлөгч Т.Энхтайван, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэ аргыг цаашид тус багийн сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгад нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжинд “Ирээдүй” цэцэрлэгийн халаалтын системийг хүлээн авлаа. 60 хүүхэдтэй энэ цэцэрлэгийг дулаанаар хангахын тулд 100 метрийн гүнд 24 цооног өрөмдөж дулаан дамжуулах хуванцар хоолой суулган, 90 кВт-ын чадалтай дулааны насос суурилуулсан байна.
Насос нь 1кВт цахилгаан хэрэглэж 3-4 кВтын эрчим хүч үйлдвэрлэж байгаа бөгөөд туршилтын 15 хоногт үр дүнтэй гэдэг нь батлагджээ. Насос суурилуулахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах ч өртгөө 5-6 жилийн дотор нөхөх бүрэн боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Газрын гүний дулааныг ашиглан байшин, барилгыг халаах нь түүхий нүүрс түлж, утаа ялгаруулан байгаль орчинг ихээр бохирдуулдаг, төсвийн зардлынхаа ихэнхийг алс холоос нүүрс татах, байшин барилгаа дулаанаар хангахад зарцуулдаг одоогийн байдлыг халах нэг боломж юм.

Хөрсөнд шингэсэн нарны цацраг дулааны энерги болон хувирч, тодорхой гүнд тогтмол хадгалагддаг. Үүнийг насосоор авч ашиглан авч барилга, байшинг дулаанаар хангадаг технологийг нутагшуулах зорилт ийнхүү бодит ажил болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.