Ганхуяг.Д Батхүү.Ц 2015.09.18 | ХМА: Дүүрэг

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн баярын хурал боллоо

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн баярын хурал боллоо

Одоогоос 50 жилийн тэртээ буюу 1965 онд Найрамдалын район нэртэйгээр байгуулагдаж байсан манай дүүрэг 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын 18 тоот тогтоолоор Баянзүрх дүүрэг болж, шинээр зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Өдгөө 308 мянга гаруй хүн ам, 86 мянган өрхтэй нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болон өргөжин тэлээд байгаа Баянзүрх дүүргийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн баярын хурал өнөөдөр боллоо. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлж, дүүргийнхээ амин чухал асуудлуудыг баянзүрхчүүдийнхээ идэвхи оролцоотойгоор шийдвэрлэдэг болсон. Бид хурдны замтай, санаачлан хийсэн бүтээн байгуулалттай, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Баянзүрхийг цогцлоон байгуулж, хойч үедээ ам бардмаар хүлээлгэн өгөх болно.


Өнгөрсөн хагас зууны түүхээ эргэн харж, дахин нэг хагас зууны шинэхэн хуудсыг бид нээх гэж байна. Энэхүү шинэ хуудсыг шижигнэсэн ололт амжилтаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Хамтдаа хөгжсөн 50 жилд хот доторх хот болон өсөн тэлж, өргөжиж байгаа Баянзүрх дүүргийнхээ хөгжил дэвшилд хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжицгөөе” гэлээ.
Баярын хүндэтгэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, болон албаны бусад хүмүүс оролцсон. 
Мөн урилгаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон нийслэл, дүүргүүдийн дарга нар, МУАЖ, Баянзүрх дүүргийн хүндэт иргэн П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцсон юм. Түүнчлэн Баянзүрх дүүрэгтэй хамтын ажиллагаатай байдаг Польш, Унгар, Япон улсын зочид төлөөлөгчид болон дүүргийн 28 хорооны иргэдийн төлөөлөл баярын хуралд оролцлоо. 
Дашрамд онцлоход, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт 50 жилийн ойгоо угтан аялал зугаалгын “Дарь-Эх” цогцолборыг санаачлан бий болгож, “Баянзүрх хайрхан”-ыг тохижуулсан зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Өөрөөр хэлбэл, “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Баянзүрх дүүрэгт аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухтай орчныг бүрдүүллээ.