А.БАЯР: БИЕ ДААСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДАА ЭРЭМБЭЛЖ, ХӨГЖЛИЙН ЗҮГ ЧИГЭЭ ТОДОРХОЙЛСОН НЬ БИДНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ АМЖИЛТ
2024.03.01

А.БАЯР: БИЕ ДААСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДАА ЭРЭМБЭЛЖ, ХӨГЖЛИЙН ЗҮГ ЧИГЭЭ ТОДОРХОЙЛСОН НЬ БИДНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ АМЖИЛТ

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай ярилцлаа.

-Тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага бол бодлого тодорхойлогч байдаг. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллахдаа та ямар асуудал дээр илүү анхаарч, шийдвэр гаргаж ажилласан бэ?

-Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 43 төлөөлөгчтэй. Үүнээс 23 нь Монгол Ардын Нам. 18 нь Ардчилсан нам. 2 нь Хөдөлмөрийн Үндсэн Намынх. Нэг үгээр хэлбэл шижигнэсэн чадвартай залуус, сөрөг хүчний дуу хоолой, шүүмжлэл дунд бүтээмж өндөр, чанартай ажиллахыг эрмэлздэг. Миний бодлоор энэ ИТХ-ын төлөөлөгчид 1992 оноос хойш өнөөг хүртэл бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дотроос хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа бүтэц гэж боддог. Учир нь бид Баянзүрх дүүргийг хөгжүүлэх бодлогын бичиг баримт “Хөгжлийн зураглал 2030”-ийг төлөөлөгчдийнхөө 100 хувийн саналаар баталсан. 2022, 2023 оны төсөв болон бүх асуудлыг 100 хувийн ирц болон саналаар батлан ажиллаж байна. Энэ бүтцийг удирдаж байгаа нь надад олдсон маш том хариуцлага. Тэр ч үүднээсээ таны хэлснээр дүүргийн хувь заяаг шийддэг бодлогын байгууллагын эв нэгдлийг хангах тал дээр хувь хүнийхээ хувьд анхаарч ажиллаж байна. Урьд өмнө дүүрэг, нийслэл, УИХ хоорондын уялдаа холбоо байдаггүй байсан бол шат шатандаа үүнийг ойлгож, хэв маягийг эвдэж, эрх барьж буй намын залуус бодлого, зорилго, зүрх сэтгэл иргэн төвтэй зүтгэдэг болсон нь мөн бидний хамгийн том ололт амжилт. Үүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын манлайлал, санал санаачилга, хичээл зүтгэл их. Хэрэв мөн л урьдны адил хэв маягаар ажилласан бол Баянзүрх дүүрэг өнөөдрийг хүртэл иргэдээсээ хол, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр хоцрогдсон, бусад дүүрэгтэй харьцуулахад ч тэр хүнд хэцүү хэвээр байх байсан болов уу.

– Бодлогын бичиг баримт гэхээр л хүслийн жагсаалт шиг бичигдээд үлддэг, хөрсөн дээрээ ажил болдоггүй хандлага манай улсад тогтоод удаж байна. Таны онцолж буй Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичиг хэр бодитой, үнэн зөв судалгаатай юм бэ?

-“Хөгжлийн зураглал 2030”-д хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, хотжилт, засаглал гэсэн таван үндсэн зорилгын хүрээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон бусад эх үүсвэрээр нэн түрүүнд хийх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн жагсааж цэгцтэй хөгжих боломжийг тусгаж өгсөн. Улс орны хөгжлийг бүтээн байгуулалт, эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжих нь зохисгүй. Боловсролтой, эрүүл хүн улсын гол баялаг, хөгжлийн хүч. Тийм ч учраас нэн түрүүнд хүний хөгжилд хийх зорилтуудаа тодорхойлж, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл гэсэн гурван үндсэн концепцод тулгуурласан. Иргэдийн хурал, эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг хоёр жилийн хугацаанд төрийн байгууллага, иргэдийн 100 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулж баталсан. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэд юу хүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шинжлэх ухаанчаар боловсруулсан. Тиймдээ ч “Хөгжлийн зураглал 2030” нь ирэх 10 жилийн хугацаанд засгийн эрх хэнд байхаас үл хамааран хэрэгжих дүүргийн хөгжлийн бодлогын гол суурь нь болно гэдэгт итгэлтэй байна.

– Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа хүний хөгжил рүү чиглэсэн бодлогыг тодорхойлон гаргасан гэлээ. Таны хувьд эндээс онцолж дурдвал…?

-“Хөгжлийн зураглал 2030”-д туссан бүхнийг хэрэгжүүлэхэд мэдээж төсөв шаардлагатай. Дүүрэгт орон нутагт улсын төсвөөр ажил хийгддэг. Гэвч хөгжлийг хурдасгах, илүү хөгжих боломж бол зөвхөн төсвийн хөрөнгийг харж суухаас илүү олон эх сурвалжийг эрэлхийлэх ёстой. Тухайлбал, гадаадын олон талын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр, дэмжлэг туслалцаа. Дүүрэгтэй хамтран ажиллая, холбоо тогтооё гэсэн олон эх сурвалж байдаг. Тэр бүрийг алдахгүй, зуураад авахын тулд бидэнд тодорхой хамтран ажиллах боломжтой төслүүд байх шаардлагатай. Тэр ч үүднээс “Хөгжлийн зураглал 2030”-ийг англи хэл дээр хөрвүүлэн хэвлүүлсэн. “Хөгжлийн зураглал 2030”-д олон томоохон төслүүд бий. Энэ дээр хэн ч хамтран ажиллах боломжийг бид эхлээд бий болгож чадсан. Бие даасан эдийн засагтай, гаднаас хөрөнгө оруулалт татдаг, хөгжлийн баримжаагаа тодорхойлсон нь бидний хамгийн чухал амжилт.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Тэр нь өнгөрсөн зун Баянзүрх дүүрэгт хоёр ч удаа их хэмжээний үер болсон. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үүнтэй холбоотой шийдвэр гаргасан нь 21, 27, 29 дүгээр хорооны үерт өртсөн айл бүрд 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх байсан. Гэсэн натур орчмын үерт нэрвэгдэж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд үүнийг ялгавартай шийдвэр гэж нэлээн шуугисан. Яг юуны учраас ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Өнгөрсөн зуны үер цаашид төрийн хийж хэрэгжүүлж буй ажлыг гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг шаардах цаг ирээд буйг харуулсан. Цаашид нийслэл хот, Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ зуных шиг үерийн эрсдэлд өртөхгүйн тулд хийх боломжтой зүйл бол үерийн далан барьж байгуулах, үерийн шугам хоолойн барилга байгууламжийн ажлыг хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Харамсалтай нь энэ бүхнийг зөвхөн Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлэхэд манай дүүргийн 20 жилийн төсвийн хөрөнгө ч хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл бид 20 жилийн төсвөө хэмнээд, 20 жил шинээр бүтээн байгуулалтын ажил хийхгүйгээр зөвхөн үерээс хамгаалах далан шуудуу, байгууламж бариад ч бүрэн дүүрэн хамгаалж чадах хэмжээнд хүргэж чадахгүй. Гэсэн ч бид бага ч гэсэн зүйл боломжийнхоо хэрээр хийж үзээд байх нь л чухал. Тиймээс дүүргийнхээ иргэдийн Хурлын Төлөөлөгч нартай ярилцаад энэ удаадаа Төлөөлөгч нарын иргэдтэй харилцдаг үйл ажиллагааны зардлаа хэмнэж хадгалж байсныгаа үер усны гамшгийн эсрэг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар болсон. Улс төрчийнхөө нэр нүүрийг бодоод эсвэл эргээд сайн муугаар яригдахаа бодсон бол бид энэ шийдвэрийг гаргахгүй байсан. Гэвч тэр гэр хорооллын үерт өртсөн айлууд дунд өнчин хүүхдүүд, өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн. Орох оронгүй болчихсон. Айл айл дамжаад явж байгаа айл өрхүүд байсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад хүүхдэд нь хичээлийн хэрэглэл байтугай өмсөх хувцасгүй болчихсон, хүйтэн сэрүүн болох гэж байхад орон гэргүй болчихсон байгааг тухайн үедээ газар дээр нь ажиллаад мэдсэн. Автомашингүй бол хүн амьдарч болно, үерт автсан ч гэсэн орон сууцанд амьдарч болно. Гэвч гэр хорооллын айлууд хашаа, гэр нь урсаад явчихсан, өмссөн хувцастайгаа үлдчихсэн. Анхдагч хэрэглээ буюу амьдрах орон гэр, сольж өмсөх хувцас, идэх хоол ундгүй болчихсон айл өрхүүдэд үнэхээр дэмжлэг шаардлагатай байсан. Тиймээс 21, 27, 29 дүгээр хороонд үерт өртсөн 383 өрх байгаагаас нэн шаардлагатай 280 өрх тус бүрд 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзээд Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардлаас хэмнэж иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгож олгох нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Яг ний нуугүй хэлэхэд дан ганц Дарь-Эх орчмын иргэд, айл өрхийн асуудлыг шийдэх биш Натурын сэлбэ дагуу үерлэж эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүд, Улиастай ай сав дагуу буусан айл өрх гээд олон асуудлыг шийдчихмээр байсан. Гэвч төсвийн боломж бололцоо, хууль эрх зүйн асуудлаас болж өөрсдийн эрх хүрээндээ ДарьЭх орчмын үерт нэрвэгдсэн айл өрхүүдийн амьдралын анхан шатны хэрэгцээг шийдвэрлэж чадсан гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Цаашид Натур орчмын иргэд, аж ахуйн нэгжийн хохирол барагдуулах тал дээр дүүргийн зүгээс шат шатны байгууллага, онцгой комисст хандсаар байна. Үерийн дараа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан зарлаж энэ шийдвэрийг танилцуулж, Төлөөлөгч нараараа батлуулсан. Тэр хуралдаан болж байхад дээрх хорооны үерт өртсөн айлуудын төлөөлөл дүүргийн гадаа ирчихсэн ямар шийдвэр гарахыг чих тавин хүлээж байсан. Төлөөлөгч нар маань 100 хувийн саналаар энэ шийдвэрийг баталсан. Хуралдаан дуусаад мэдэгдэл хийх гээд гараад ирэхэд хүмүүс итгэж ядсан байртай маш их баярлаж, талархаж байлаа.

- Цаашид дүүрэг орон нутаг таны бодлоор хэрхэн хөгжин цэцэглэж, хүн бүр ээлтэй орчинд амьдарч, ажиллана гэж та бодож байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн Баянзүрх дүүрэгт 2024, 2028 гээд шат шатны сонгуульд аль нэг нам засаглахаас үл хамаарч бидний боловсруулсан Хөгжлийн зураглал бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үе шаттайгаар хийж, минийх чинийх гэдэг хандлагаа халж чадвал Баянзүрх дүүрэг бие даасан эдийн засагтай, хөрөнгө оруулалтын ажил ундарсан, гэмт хэрэг зөрчил бага, гамшиг болсон ч хохирол багатай, эргээд сэргээн босгох бүрэн чадамжтай болно гэдэгт миний бие 100% итгэдэг. Энэ итгэл зүтгэлээрээ цаашид хичээн ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn