Тавантолгойд баялгийн дайн өрнөж байгаа нь үнэн
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.11.05

Тавантолгойд баялгийн дайн өрнөж байгаа нь үнэн

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газарт санал авахаар өргөн мэдүүллээ. Энэ тогтоолын төсөл ямар агуулгатай байгаа вэ?

-Өнгөрсөн хаврын чуулганаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл энэ том ордын хувь заяаг Засгийн газар дангаараа шийдэж болохгүй. УИХ-аас тодорхой чиглэлүүдийг өгөхгүй бол аль ч үеийн Засгийн газар өөрийн дураар шийдэх магадлалтай. Энэ үүднээс ард түмний төлөөлөл болсон УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлээд байна.

Бид тогтоолын төсөлдөө хэд хэдэн асуудлыг тусгасан. Нэгдүгээрт, Монголын иргэдийн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс ТТ” компани төслийн компанийн 51 хувийг эзэмших ёстой. Мөн Монголын газар нутагт баригдах стратегийн чухал ач холбогдолтой төмөр замын 51 хувийг төрийн өмчит Монголын төмөр зам компани эзэмших ёстой. Гуравдугаарт, Монгол Улсын 2.1 сая иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааг саналын эрхтэй болгох.

Өөрөөр хэлбэл, саналын эрхгүй болгосон Засгийн газрын тогтоолын хүчингүй болгох, улмаар иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг үүрэг болгож байна. Дөрөвдүгээрт, Тавантолгойн орд газрын хөрөнгө оруулалтыг хийхдээ гуравдагч хөршийн бодлогыг баримтлах ёстой гэж үзсэн.

Хаврын чуулганы үеэр М.Энхсайхан сайдын оруулж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээнд “Эрдэнэс ТТ” компанид ямар ч эрх өгөхгүйгээр,Тавантолгойн орд газрыг 60 жилийн хугацаатайгаар, 98 хувьд нь нэг улс орноос хараат байдлаар ашиглахаар оруулж ирсэн. Бид цаашид ийм байдлаар асуудлыг шийдвэрлэж болохгүй. Ямар ч байсан 51 хувиа эзэмших байдлаар цаашид гэрээгээ хийх ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа юм.

 -Төр 51 хувиа эзэмшлээ гэхэд түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болно. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэх боломж, нөхцөл байгаа юм уу?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

 -Өнөөдрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч бас “Эрдэнэс ТТ” компани 51 хувиа эзэмшлээ гэхэд хаанаас хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэг асуудлыг хөндсөн байсан. Төмөр зам дээр ч бас 51 хувийн хөрөнгө оруулалтаа хаанаас, хэрхэн босгох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр төмөр замын хувьд урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хийх бүрэн боломжтой. 

Ялангуяа Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын хувьд есөн жилийн дотор ашгаа нөхөх, маш ашигтай төсөл. Тийм ч учраас өмнө нь дөрвөөс таван банк урт хугацааны хөрөнгө оруулалт, зээл олгох саналаа ирүүлж байсан. Ингэснээр төмөр зам барих ажил анх эхэлж байсан. Харамсалтай нь төмөр зам баригдаж байх явцад улс төрийн шалтгаанаар зогсоосон. “Эрдэнэс Тавантолгой” компани мөн 51 хувиа олох бүрэн боломжтой. Ялангуяа нүүрсний үнэ зах зээл дээр унасан байгаа нөхцөлд Тавантолгойн орд газар дээр нэг их том хөрөнгө оруулалт шаардлагагүй. 

Тавантолгойн орд нь хөрс хуулахад л шууд нүүрсэндээ хүрэх боломжтой, геологийн хувьд маш ашигтай орд газар байдаг. Хамгийн гол нь тээврийн асуудал манай нүүрсийг үнэтэй болгодог. Автозамаар тээвэрлэдэг учраас маш өндөр үнэтэй гардаг. Төмөр замаа барьсан нөхцөлд Хятадын хойд зүгт байгаа ижил уурхайнуудаас манай Тавантолгой хамаагүй өндөр чанартай, өртөг багатай нүүрсийг гаргаж чаддаг. Тийм учраас нэг их хөрөнгө оруулалт шаардлагагүй. Эрчим хүч, угаах үйлдвэр гэх зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг Японы Засгийн газраас хөнгөлөлттэй, урт хугацааны зээлээр шийдэх боломжтой. Тэгэхээр “Эрдэнэс ТТ” ч бас 51 хувиа хөнгөлөлттэй, урт хугацааны зээлээр шийдэх боломжтой. 

 -Нэг их биш гэдгийг тодруулбал?

 -Хамгийн гол хөрөнгө оруулалт төмөр зам дээр байгаа. Энд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Ер нь энэ нэг тэрбум ам.долларын хөрөнгийг ч бас бид өөрсдөө оруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, Чингис бондын мөнгийг төмөр зам руу оруулах боломжтой байсан. Эндээс 200 орчим сая ам.долларыг оруулсан. Тэгэхээр төмөр зам нэг тэрбум доллараар босно. Бусад хөрөнгө оруулалтын хувьд 500 саяас нэг тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

 -Төмөр замын ажилтай холбоотойгоор Б.Батзаяаг баривчилсан. Төмөр зам өөрөө Тавантолгойтой шууд холбогдож байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

 -Би энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй. Яагаад гэвэл надад тэр талын мэдээлэл байхгүй. Би Монголын ардчилсан холбооны дэд даргын үүрэгт ажилтай. Мөн Тавантолгойн асуудлаар эхнээс нь оролцоод явж байгаа. Энэ хоёр шалтгаан л байна. Бусад асуудлаар, жишээлбэл Б.Батзаяагийн баривчлагдсан зэргээр ямар нэгэн тайлбар хийх боломж байхгүй.

 -Б.Батзаяагийн баривчлагдсантай холбоотойгоор танай бүлэг дээр Засгийн газрыг огцруулах хүртэл асуудал яригдсан гэсэн. Энэ үнэн үү?   

 -Засгийн газрыг огцруулах талаар ямар ч асуудал яригдаагүй.

 -МоАХ-ны зүгээс засаг огцруулна гэж яриад байгаа юм биш үү?

 -Үгүй. Бид Засгийн газрыг тогтвортой байлгах чиглэлд анхаарч байгаа.

 -Төр өөрөө өмчлөх ёстой гэсэн байр суурийг та илэрхийлж байгаа. Гэтэл үүний нөгөө талд төрийн өмчлөлийн ард авлига, хүнд суртал, муу менежмент байдаг гэх шүүмжлэл бий. Сая Б.Батзаяа баривчлагдсан нь төрийн муу менежер гэдгийг нотолсон үйл явдал болж байх шиг?

 -Тодорхой зүйлүүдэд төрийн өмчлөл заавал байх ёстой. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчлөлд байдаг. Тийм ч учраас өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээж байгаа. Тэгэхээр “Эрдэнэт”-ээс хэд дахин том Тавантолгойн орд төрийн өмчлөлт байх ёстой. Ард иргэдийн оролцоо ч бас байх ёстой гэж харж байна. Мэдээж жижиг ордуудад бол төр аль болох оролцохгүйгээр хувийн хэвшилдээ даатгаад явах нь зөв. Гэхдээ хэд хэдэн том төслүүдэд төр зайлшгүй оролцох ёстой. Үүний нэг тод жишээ нь төмөр зам байна.

 -Төмөр зам дээр хуурамч компани байгуулсан юм биш үү. Нөгөөтэйгүүр 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч маш хангалтгүй ажил хийгдсэн гэх шүүмжлэл байгаа. Төрд шилжүүлчихээр тэгээд төмөр зам баригдах боломж байна уу?

 -Би Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байхдаа төмөр замын ажлын явцын талаар Монголын төмөр зам компаниас бүх мэдээллийг авч байсан. Энэ төмөр зам өөрөө ашигтай гэдгийг би дээр дурьдсан. Гадаадын дөрвөн банк хөрөнгө оруулалтаа хийх сонирхлоо илэрхийлсэн байдаг. Нийт 970 сая ам.долларын зээл олгох хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу гэрээ зурагдаж, төмөр замын ажил эхэлсэн байдаг. Ингээд хоёр жилийн хугацаанд баригдаад дуусах байсан. Мөн 200 сая ам.долларыг Чингис бондоос авсан. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төмөр замын ажлыг зогсоосон.

 -Шалтгаан нь?

 -Шалтгаан нь ерөөсөө л төмөр замыг зогсоогоод, үргэлжлүүлэн Шенхуад өгөх гэж байгаа бодлоготой л уялдаж байгаа. Төмөр замаа бариад, Монгол Улс өөрөө 100 хувь өмчлөлдөө байлгах боломжтой байсан. Ийм нөхцөл байдалтай ажил нь эхлээд явж байсан төмөр замын ажлыг зогсоож байгаад Шенхуад өгөх гэрээг хийж эхэлсэн байдаг. Үүгээрээ төмөр зам дээр улс төр орсон нь яах аргагүй харагддаг.

 -Тавантолгой дээр баялгийн хэн эзэмших вэ гэдэг дайн өрнөж байна гэж Х.Баттулга гишүүн мэдэгдсэн. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

 -Тавантолгой дээр баялгийн том дайн явагдаж байгаа нь үнэхээр харагддаг. Энэ дайн 2007, 2008 оноос л эхлэлтэй юм билээ. Яг төслийн компани буюу Шенхуа Энержи ресурсийн хамтарсан компани “Энержи Ресурс”-ыг л аврах хамгийн гол зорилготой гэж харагдаж байгаа. “Энержи Ресурс” нэлээд том өрөнд орчихсон. Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор өрөө ойрын хугацаанд төлөх ирээдүйгүй болчихсон.

Тэгэхээр Энержи Ресурсыг аврах гол гарц нь том тавантолгойг авч, нэгтгэж ажиллах юм билээ. Тийм учраас Шенхуатай хамтарсан Энержи Ресурстай хамтарсан консорциумаар Тавантолгойн 98 хувийг авах гэрээг байгуулах гэж оролдсон. Тав, зургаан жилийн өмнөөс эхлэлтэй, аль аль намын төлөөлөл оролцсон, нэлээд том бүлэглэл харагддаг. Үүнийг “Нүүрсчдийн нам” гээд нэрлэж явж байгаа шүү дээ.

 -Тавантолгойн асуудал хэзээ шийдэгдэх вэ. Энэ намрын чуулганаар амжих болов уу?

 -Бидний өргөн барьсан тогтоолын төслийг Их хурлаар хэлэлцээд, батлуулж чадвал үүний дагуу Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд, оруулж ирэх бүрэн боломжтой.  

 -Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.