2010.10.04

Б.Бат-Эрдэнэ: Баттулга энэ холбоог маш сайн зохион байгуулж, амжилт арвинтай байгаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ уг тэмцээнийг Зохион байгуулах хорооны гишүүнээр ажилласан билээ. Тэмцээний үеэр аваргатай уулзаж манай оронд анх удаагаа зохиож байгаа тэмцээн болон Монголын жүдочдын амжилтын талаар сонирхлоо.

-Тэмцээний зохион байгуулалтын талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

-МЖБХ-ноос санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа дэлхийн цомын тэмцээн зохион байгуулалт сайтай, өндөр хэмжээнд болж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/, Азийн жүдо бөхийн холбоотой хамтраад зохион явуулж байгаа энэ тэмцээн амжилттай явагдаж байгаад "Чингис хаан дэлхийн цом" тэмцээнийг Зохион байгуулах хорооны гишүүний хувьд сэтгэл таатай байгаа. МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө энэ спортын тамирчин байсан гавьяат тамирчин хүн. Бид хамтдаа нэг шигшээ багт барилдаж явсан, жүдотой амьдралаа холбосон, энэ спортдоо хайртай, элэгтэй хүмүүс. Баттулга энэ холбоог маш сайн зохион байгуулж, амжилт арвинтай байгаа.

-Монголын жүдочдын амжилтын талаар юу хэлэх вэ?

-Амжилт сайн байх нь сахилга бат, зохион байгуулалтаас их шалтгаалж, шууд хамааралтай байдаг. Монголын жүдо бөхийн секц, дугуйлан, клубүүдэд, нийт жүдочдод, Жүдо бөхийн ёс, уламжлал, дэг жаягийг хатуу сахиулж сонгодог жүдог хөгжүүлэхийн төлөө бид нэлээд чармайлт гаргаж ажиллаж ирсэн. Үүний үр дүн нь ч гарч байна гэж үздэг.

-Таны үүсгэн байгуулсан "Аварга" БТДС үйл ажиллагаа явуулаад 10 жил болохдоо олон сайн жүдочдыг төрүүлжээ. Танай сургууль Дэлхийн аварга төрүүлсэн бол энэ тэмцээний 60 кг-д Г.Болдбаатар дэлхийн цомын аварга боллоо. Танай сургууль жүдо бөхийг нэлээд түлхүү хөгжүүлж байгаа талаараа ярина уу?

-Манай "Аварга" БТДС нь үндэсний бөхийнхөө ёс уламжлалыг эрхэмлэж энэ бөхийг хөгжүүлэхийн зэрэгцээ дорно дахины соёлын нэг хэсэг Японы жүдо бөхийн сургалтыг нэлээд түлхүү явуулдаг. Тэгээд ч энэ 10 жилийн хугацаанд манай сургуулиас олимп, дэлхийн аварга төрлөө. Өнөөдөр ч энэ тэмцээнээс манай сургуулийн төгсөгчдөөс олон жүдоч алт, мөнгө хүрэл медалийн эзэн боллоо.

 

Эрхэм уншигч танд "Чингис хаан дэлхийн цом" тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээний сурвалжлагыг дараагийн дугаарт үргэлжлүүлэн сонирхуулна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.