Х.Баттулга, А.Гансүх нарыг буруутай гэх ганц ч гэсэн баримт бий юу
Х.Баттулга, А.Гансүх нарыг буруутай гэх ганц ч гэсэн баримт бий юу
2016.01.06

Х.Баттулга, А.Гансүх нарыг буруутай гэх ганц ч гэсэн баримт бий юу

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг БНСУ-ын “Samsung СТ corporation” компанийн захирал Ли Жон Гёлын хамтаар шалгаж байна. 

3.1 сая ам.доллар угаасан, шамшигдуулсан гэгдэх энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга болоод Зам тээврийн сайд асан, УИХ-ын дарга З.Энхболдын хуулийн зөвлөх А.Гансүх нарыг холбогдуулан шалгах шаардлагатай болж. Тиймээс хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн харьяаллаас гаргаж, АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн албан тушаалтнуудыг сэжигтнээр тооцсон тул таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж байлаа. Гэвч, өчигдрийн байдлаар Х.Баттулга болоод А.Гансүх нарын хил нэвтрэх эрхийг хааж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байв. 

Мөн тэднийг мөнгө ууж идсэн, үүнтэй нь холбоотой маш олон баримт сэлт байгаа гэх ч хэрэг явдал өрнөж буй олон сарын хугацаанд хууль, хяналтынхан тэр баримтаа нэг ч удаа үзүүлж харуулсангүй, өнөөдрийг хүргэв. Товчхондоо, тэднийг цагдаа, прокурор, АТГ гээд аль ч хууль, хяналтын байгууллага нэр, нүүрээ ил болгоод буруутгаж харагдсангүй. Энэ нь далдын хар малгаатай нэгэн л хулгайчийг бариарай гэж хашгирсантай онцын ялгаагүй биз ээ.

Харин олны нүднээ ил байгаа эрхмүүд элдэв цуу яриаг баримтаар няцаалаа. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболдын хуулийн зөвлөх А.Гансүх өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй болохыг хэд, хэдэн удаа няцааж, өчигдөр мөн л сэтгүүлчдэд дээрх асуудлаар мэдээлэл өглөө.

А.Гансүх нэг хэргээр хоёр дахиа шалгуулж байна

УИХ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүхийг Зам тээврийн сайд байхдаа албан туушаалаа ашиглан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэж буруутгаж байв. АТГ-т шалгуулж, твиттер, фэйсбүүкээр нэр хүндийг нь гутаан доромжилсон гэх мэтээр Зам тээврийн сайд байхад нь олон асуудал болж өнгөрсөн. Гэхдээ тухай бүрт нь тэрээр өөрөө АТГ-т шалгуулах хүсэлтээ илэрхийлж, нэр төрөө сэргээлгэж байсан гэдгийг мартаж болохгүй.

Энэ талаараа ч гэсэн тэрээр өөрөө өчигдөр “Төмөр замтай холбоотой хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар 2013 онд би өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан. Нэгдүгээрт, энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан. Уг бичигт “Samsung СТ corporation” компанийн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан” гэлээ. Мөн тэрээр “Энэ хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнээс гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан байдаг. Энэ хүн мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад “Энержи Ресурс рэйл” компани болон Солонгосын “Samsung СТ corporation” компанитай байгуул­сан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэж хэлсэн юм.

Тухайлбал, прокурорын баримтаас харвал, иргэн Л.Даваапил гэгч БНСУ-ын “Samsung CT corporation” компанийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлээр төмөр замын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа хэт өндөр төсөв буюу 3.6 тэрбум төгрөгөөс их хэмжээний хөрөнгийг луйвардаж байна гэж хуулийн байгууллагад хандан шалгуулсан юм байна. АТГ болоод нийслэлийн прокурорын газраас энэ гомдлыг шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин хэрэг үүсгэхээр цуглуул­сан баримтад нэг сонирхол татах зүйл байгаа юм. 

Тодруулбал, “Samsung CT corporation” нь 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан байхад эрх үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон нь ашиг сонирхлын зөрчил гэгддэг. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаагүй компанитай А.Гансүхийг гэрээ хийсэн, хийхдээ өндөр өртөгтэй гэрээ хийсэн гэж буруутгадаг. 

• Тэгвэл БНСУ-ын “Samsung CT” компанитай “Энержи ресурс” компани нь 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр эхлээд гэрээ хийсэн байдаг аж. 
• Харин дараа нь буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид олгосон билээ. 
“Монголын төмөр зам” компанид Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил шилжихэд “Samsung CT” болоод  “Энержи ресурс” хоёрын хооронд хийгдсэн гэрээнд заасан үнийн дүнд ямар ч өөрчлөлт ороогүйг мөн нийслэлийн прокуророос тогтоожээ. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтад хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар компаниар хийлгэх вэ, гэдгийг “Монголын төмөр зам” компаниас өмнө “Энержи ресурс” шийдчихсэн байсан гэдгийг Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны тогтоолоос харж болох юм.

Гэтэл төмөр замын гэх энэ хэрэгт “Энержи Ресурс” гэх компанийн нэр огт дурдагдахгүй байгаа. “Энержи Ресурс” гэдэг бол бүхэлдээ Тавантолгойн хамгийн том ашиг сонирхолыг тээж буй консерциум буюу “бүлэглэл”. Мөн өмнө нь одоо асуудал дагуулж буй урд хил рүү гарах чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан удаатай. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ хэргийг Тавантолгойг үнэгүй авах гэсэн нам дамнасан бүлэглэлийн явуулга гэдгийг ил тод зарласан. Гэтэл Тавантолгойг үнэгүй шахуу авах гэрээ бэлтгэж, эв санаа нэгдсэн, эрх ашиг нийлсэн бүлэглэл өнөөдөр хэний ч нүдэнд торохгүй байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан гишүүд хүртэл “Энержи Ресурс”-ын консерциумтай байгуулахаар төлөвлөөд байсан “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ”-г дүгнэж үзээд “Хятадын төрийн өмчийн “Шенхуа” болон “Энержи Ресурс”, “Сүмитомо” нэгдэл үндэсний эрх ашгийн эсрэг гэрээ бэлтгэсэн” гэх цочирдом мэдэгдэл хийж байлаа.

Олон зуун хуудастай дээрх гэрээний дүгнэлтээс зөвхөн хоёрхон зүйлийг нь задлан ярихад л үндэсний эрх ашгийг хөндсөн үү, гэдгийг харах боломжтой байгаа юм. Тухайлбал, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний  30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс энэ  заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн нүүрсний асар их нөөцтэй бүхий л газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн гэж үзсэн юм. Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан гэж үзсэн. 

Тухайлбал, Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалтаар Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн орд газрыг эзэмших эрхээ “Энержи ресурс” компанид үнэ төлбөргүй шилжүүлж байгаа бол Хамтын ажиллагааны гэрээний 5.1(j)  заалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а) заалтаар төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи ресурс” болон түүний хамааралтай этгээдэд олгоно гэж заасан байгаа юм. 

Мөн “Энержи ресурс” компани нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцөлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах маркетинг хийх бүх ажиллагаанд бие даан зохион байгуулах эрхтэй гэж заажээ. Мөн “Энержи ресурс” нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуу­лах, бүтээгдэхүүний тоо хэм­жээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэр­лэлтийн хэлцэл бо­лон арилжааны бусад нөхцө­лийг тодорхойлох зэрэг бүтээг­­дэ­хүүний борлуулалт­тай холбоотой шийдвэрийг дангаа­раа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй гэж байгаа юм.

Гэрээний энэ хоёр заалтаас харахад хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани жилд нүүрсний олборлолт хийхгүй ч байх эрхтэй байна. Эсвэл жилд нэгхэн тонн нүүрс олборлосон байхад ч гэрээ зөрчигдөхгүй юм. Харин энэ бүгдийг эсэргүүцэж, газар нутгаа 60 жил бусдын нөлөөнд байлгахгүйн тулд ил гарч тэмцсэн хүмүүсийг “аавынд” аваачих санаархал эрчимжиж эхлэв үү.