Өршөөгдсөн иргэдийн 28 нь гэмт хэрэгт дахин холбогджээ
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 1252 ялтай иргэнийг өршөөжээ. Эрүүгийн хуулийн тавдугаар зүйлийн 5.1-т зааснаар 1760 хүний эдлээгүй үлдсэн ялын хэмжээг хоёр жил бууруулж, 673 ялтан суллагдсан байна. Харин долдугаар зүйлийн 7.1-т зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд ял эдэлж байсан 4340 хүн хамрагдсан аж. Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагдсан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулав.
Нийгмийн даатгалын алданги, торгуулиас чөлөөлөгдсөн, жолоо барих эрхээ хасуулсан гэх мэт эрх зүйн маргаантай асуудлаар 100 мянга гаруй аж ахуйн нэгж болон иргэд өршөөлд хамрагдаад байгааг Ажлын хэсгийн ахлагч мөн онцолсон. Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулсан байна.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 иргэн дахин холбогджээ. Тухайлбал, хулгайлах 21, дээрэм нэг, залилан нэг, танхайрах гурав, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, суллагдсан иргэний 1.4 хувийг эзэлж байгааг ШШГЕГ-ын дэд дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Туулхүү тайлбарлалаа.