Зөрчил гаргасан иргэн 10-10.000 нэгжтэй тэнцэх торгууль төлнө
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.12.07

Зөрчил гаргасан иргэн 10-10.000 нэгжтэй тэнцэх торгууль төлнө

УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодруулга авлаа.

-Хуулийн төслийг боловсруулах явцад зөрчил гэдгийг хэрхэн тодорхойлж авч үзсэн бэ? Хууль гарах шаардлага юу байв?

-Зөрчлийн хуулийг нэлээд удаан хэлэлцэж байгаад өнгөрсөн долоо хоногт баталлаа. Өмнө нь  210 гаруй хуулиар асуудлыг шийддэг байсныг нэгтгээд Зөрчлийн тухай хууль болгон баталсан. Нэг ёсондоо энэ хууль бол бага Эрүүгийн хууль юм. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэж монголчууд ярьдаг. Тэрхүү зөрчил бүр дээр хариуцлага тооцдоггүй байсныг энэ хуулиар хуульчилж өгч байна гэсэн үг. Жишээлбэл, сүүлийн үед орон сууцанд амьдарч буй иргэдээс бөө амгалан тайван байдал алдагдуулж байна гэх гомдол их гарах болсон. Үүнд нь хариуцлага тооцож чаддаггүй байсан бол шинэ хуулиар торгодог болж байх жишээтэй.

-Торгох шийтгэлтэй холбогдуулж нэгжийн торгууль  гэсэн шинэ ойлголт орж ирсэн. Энэ тухайд товч тайлбар өгөхгүй юу?

-Уг хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх юм. Өмнө нь торгох, баривчлах, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, орон байрыг хураах гэсэн төрөлтэй байсан бол Зөрчлийн тухай хуулиар эрх хасах, торгох гэсэн төрөлтэй болж байна.

-Хариуцлагын доод болон дээд хэмжээг хэрхэн зааж өгсөн бэ?

-Иргэнд 10-10.000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 100-50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж хуульчилсан.

-Ер нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг, хаана хэнд хандах нь тодорхойгүй асуудлууд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах нь гэж ойлгож болох уу?

-Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч гарцаар гараагүй бол эсвэл аюулгүйн бүсээ бүслээгүй бол гэх мэтээр тодорхой зүйл заалт хуулинд туссан. Энэ хуулинд зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэхээс гадна зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураах, хохирол нөхөн төлүүлэх, албадан эмчлүүлэх, нийтэд тустай ажил хийх зэрэг албадлагын арга хэмжээг тусгасан. Өмнө нь уламжлалт зан заншил, тухайн хүний асуудалд хандах хандлагаар асуудлыг шийддэг байсан бол суурин амьдралд хэн хэндээ төвөг чирэгдэл удахгүйгээр амьдрахад хууль чиглэгдэж байна гэсэн үг.

-Бусдыг гүтгэсэн гэдэг асуудалд сэтгүүлчид багагүй холбогддог. Гүтгэх зүйл заалт Эрүүгийн хуулинд туссан байсан ч унаж, зөрчил болж тооцохоор болов уу?

-Өмнө нь хэвлэл мэдээллээр буруу мэдээлэл гарлаа, гүтгэлээ гэсэн асуудал гарвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Нөгөө талд нь хэвлэлийнхний “амыг барих” гэлээ гэсэн асуудлууд хөндөгддөг байсан бол энэ асуудал Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаад явна.

-Удаа дараа зөрчил гаргасан бол хариуцлагын хэмжээ нэмэгдэх үү? 

-Удаа дараа гэсэн зохицуулалт тусгагдаагүй. Тухай бүрт нь зөрчлийг тогтоож хариуцлага тооцох юм.

-Зөрчлийн тухай хууль ирэх оны 9 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрхэн хэрэгжих вэ?

-Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Энэ хууль гарвал Зөрчлийн тухай хууль хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал илүү тодорхой болно.

-Хууль хэрэгжсэнээр хууль хүчний байгууллагуудын орон тоо нэмэгдэх үү, төсөвт ямар ачаалал үзүүлэх бол?

-Хууль хүчний орон тоо нэмэгдэхгүй гэж бодож байна. Шаардлагатай бүтэц, зохион байгуулалтын асуудал яригдана байх. Шүүхийн байгууллага асуудлыг илүү хурдан түргэн шийдвэрлэдэг байдал руу шилжих хэрэгтэй болно.