Эрүү, зөрчлийн хуулиа баталчихвал дахин Өршөөлийн хууль гаргаад байх шаардлагагүй болно
УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.11.26

Эрүү, зөрчлийн хуулиа баталчихвал дахин Өршөөлийн хууль гаргаад байх шаардлагагүй болно

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа. 

-Эрүүгийн хуулийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын гишүүд хуралдаа ирээгүйгээс ирц бүрдсэнгүй хойшиллоо. Иргэдийн дунд хүлээлттэй байгаа уг хуулийг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийг батлахгүй байх ямар шалтгаан байгаа юм? Уг нь эцсийн хэлэлцүүлэг биз дээ?

-Эрүүгийн хууль бүтэн жилийн туршид яригдаж байгаа. Нөгөө талаас 3-4 жил яригдаж байгаа гэхэд болно. Энэ хугацаанд Эрүүгийн хууль Гэмт хэргийн тухай хууль болж өөрчлөгдсөн ч дараа нь буцаад Эрүүгийн хууль болсон гэх мэтээр нэр нь хүртэл солигдоод явсан. УИХ-аар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байгаа.

Эдгээр хуулиудыг даган процессийн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн хуулийн хянан шийдвэрлэх гээд уг хуулиудыг амьдралд яаж хэрэглэх вэ гэдгийг зааж өгдөг бас л чухал хууль. Эрүү, Зөрчлийн хуультай холбогдуулан дагалдах хуулиуд мөн Байнгын хороон дээр яригдаж байгаа. Процессийн хуулиуд маань хэлэлцэх эсэхээ шийдэн анхны хэлэлцүүлэгт орох гэж байна. Үүнийг дагаад Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хуулиуд яригдах ёстой.

МАН-ынхан бүлгийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байсныг харсан. Үнэндээ МАН-ынхны байр суурь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байгаа юм. Эрүү, Зөрчлийн хуулийг нэг өдөр хэлэлцэнэ гэчихээд дараа нь хэлэлцэхгүй гэж яриад л. УИХ-ын даргын зөвлөлөөр ороод хэлэлцэх ёстой гэчихсэн хууль. УИХ-ын гишүүд бол хууль тогтоох үндсэн ажилтай. Эрүү, Зөрчлийн хууль бол иргэдийн дунд хүлээлт үүсгэчихсэн хууль гэдэг нь маргаангүй үнэн.

Бид өнөөдөр 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг өнөөдөр хэрэглэж байна. Уг хуулийг өнөөдрийн нөхцөлд харахаар шоронжуулсан гэдгийг хүн бүр л хэлж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн нь ялаа аваад явж байгаа юм чинь гээд хохирлоо төлдөггүй. Одоогийн хуулиар хохирлоо төлсөн төлөөгүйг нь харгалзалгүй ял оноодог хууль л даа. Хохирсон иргэд хохирлоо төлөөлүүлж чадаагүй байхад дээрээс нь иргэдийн татварын мөнгөөр тэднийг хооллодог. Монгол Улсын гурван сая хүнтэй харьцуулахад Монголын шоронд 7000-8000 хоригдол байна гэдэг бол дэлхийд өндөр үзүүлэлт. Тийм болохоороо шоронжсон гээд байгаа юм. Энэ Эрүүгийн хуульд олон янзын санкц буюу шийтгэл байдаггүй. Гэтэл гадны орнуудын жишгийг харахаар торгох, хөдөлгөөнийг хязгаарлах гээд олон янзын ялын бодлоготой байдаг.

Үнэнийг хэлэхэд хүний эрхийг сайн хангаж чаддаггүй хуулийг хэрэглэж байгаа. ОХУ гэхэд 1990-ээд оны үед буюу нийгэм солигдон эрүүгийн нөхцөл хүнд байхад хууль баталсан ч дараа нь уг хуулиа өөрчилсөн.

Манай улс Эрүүгийн хуулиа өөрчлөх цаг болсон.

Ийм байхад л МАН-ынхан янз бүрийн шалтаг, шалтгаан тоочоод байх юм. Гэхдээ тэдний яриад байгаа зүйлийг харахад тийм ч ач холбогдол өгөөд байхаар зүйл харагдахгүй байна. Ардын намынхан хуулийг хэлэлцээд явахад үгээ хэлж, байр сууриа илэрхийлээд л явчих зүйл байгаа юм.

-Эрүүгийн болон Зөрчлийн хууль батлагдчихвал иргэдэд ямар ямар боломж нээж өгч байгаа юм бол?

-Эрүү, Зөрчлийн хууль батлагдчихвал дараа нь процессийн хуулиуд батлагдана. Өмнө нь бүх зүйлийг Эрүүгийн хуулиар шийддэг байсан бол одоо зөрчил нь тусдаа гарч ирэх юм. Тэнд ногдуулах ял нь өөр байна. Эрүүгийн хууль дээр ялын олон төрөлтэй бодлого үйлчилж байгаа. Хамгийн гол нь хохирлыг барагдуулж, түүнийг нь харгалзан үзнэ. Эрүүгийн хуулиа бид батлаад явчихвал эрүүгийн нөхцөл өөрчлөгдөх боломжтой. Өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс дахин хэрэг үйлдвэл давтан үйлдэл гээд ял нэмэгддэг байсан. Харин энэ хуулиар хийсэн хэрэг бүртээ таарсан ялаа авна.

-Жаахан тодруулахгүй юу?

-Өмнө нь хэрэг үйлдээд ялаа эдэлж дууссан бол дахин ялтайд тооцохгүй. Ялаа эдлээд гараад ирсэн байлаа гэхэд ажилд авдаггүй. Байн байн Өршөөлийн хууль гаргаад байхгүй гээд олон давуу тал уг хуульд бий. 1992 оноос хойш Монгол Улс зургаа дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан. Тиймээс уг Эрүүгийн хууль болохгүй байна, энэ Эрүүгийн хуулиа сайжруулах ёстой, хүмүүсийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Энэ бол төрийн үүрэг. Түүнээс биш бүх хүмүүсээ барьж аваад шоронд хийж болохгүй, Энэ бүхэн дээр өөрчлөлт гарна. Дэлхийн жишиг болсон хуулийг л бид батлах гээд байгаа юм. Санаандаа орсон зүйлээ хууль болгочихоод байгаа юм байхгүй ээ.

Олон жилийн турш хууль хяналтын байгууллагууд уг хуулийн төсөл дээр ажиллаж ирсэн. Одоо ч гэсэн манай байнгын хороон дээр ажиллаж байгаа. Хууль батлагдахад бэлэн болчихсон. Ямар нэгэн байдлаар Монголын ард түмнийг ийм байдалтай байлгаж болохгүй. Монгол Ардын нам энэ бүхнийг ойлгох байх гэдэгт итгэж байна. Хүний үзэл бодол, хэлсэн үг, үйлдэл гурав давхцаж байх ёстой. Үнэхээр л ард түмний төлөө, ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө юм хийе, хууль баталъя гэж байгаа бол Эрүү, Зөрчлийн хуулиа батлах ажлаа хийх шаардлагатай. Тэгэхгүйгээр гацааж, янз бүрийн зүйл яриад хүмүүсийн тархийг угаах гээд байх юм. Өнөөдөр манай монголчууд юмны наад цаадахыг ухаад ойлгочихдог болсон.

-Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэж байхад Эрүүгийн хуультайгаа салшгүй холбоотой хууль гарна гэдгийг хэлцгээж байсан. Уг хоёр хууль ямар зангилаан дээр давхцаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат

-Уг нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа батлан гаргачихаад дараа нь Өршөөл үзүүлэх тухай хуулиа баталсан бол оновчтой болох байсан юм. Гэсэн ч тэгж чадсангүй. Эрүү, Зөрчлийн хууль маань төлөвлөсөн ёсоор бол ээлжит бус чуулганаар батлан гаргачих байлаа. Хоёр удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан боловч баталж чадаагүй. Гэтэл олон жил хуулийн салбарт байсан хэдхэн хүний хувийн эрх ашгийн төлөө явж болохгүй. Хуулийн байгууллагыг өөрийнхөө доор ажиллуулах, өөрийнхөө захиалгаар байлгах гэсэн амбицаас болоод Эрүүгийн хуулийг эсэргүүцээд байна гэж харагдаад байгаа юм.

Өршөөлийн хууль дээр ч гэсэн “Өршөөлийн хуулийг гаргахгүй. Бүтэхгүй. Комисст нь орж ажиллахгүй" гээд байсан хүмүүсийн хүссэнчлэн авлига, албан тушаалын хэргийг өршөөсөнгүй. Гардаг хууль нь гарах зарчмаараа гараад явсан. Бид одоо Эрүү, Зөрчлийн хуулиа баталчихвал дахин Өршөөлийн хууль гаргаад байх шаардлагагүй болно.

-Өршөөлийн хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт нь ямархуу шатандаа явна?

-Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжээд явж байна. Ял эдэлж байгаа хүмүүсийг ялаас өршөөх, зарим хүмүүсийн ялаас хасах, захиргааны хариуцлага хүлээсэн хүмүүсийг өршөөхөөс эхлээд өргөн хүрээнд үйлчилсэн. Өршөөлийн хуульд 100 гаруй мянган хүн хамрагдаж байгаа. Жолооны эрхээ хасуулсан жолооч нараас эхлээд татварын байгууллагуудын тавьсан үндсэн татвар, байгаль орчны байцаагч нарын тавьсан акт гээд торгууль, алданги гээд олон зүйл өршөөгдөж байна. Өршөөлийн хуульд хамрагдах ёстой хүмүүс нь өршөөгдөөд гэртээ харьчихсан. Тэнэсэн харгалзах ялтай хүмүүс нь ялаасаа чөлөөлөгдсөн. Өмнө нь гарсан Өршөөлийн хуулийг комисс хэрэгжүүлдэг байсан.

Өмнөх хуульд дөрвөн жил болоод гардаг байсан бол энэ удаа зургаан жилийн дараа ял эдэлж байгаа хүмүүсээ Монголын төр өршөөж байна. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс Үндсэн хуулийнхаа зүйл заалтын дагуу хэрэгжүүлж байгаа. Шүүх хурал хийгээд хуулийн байгууллагууд нь хүн тус бүр дээр хуралдаж Өршөөлийн хуульд ингэж хамаарах нь зүйтэй гээд шийдвэрээ гаргаж байна. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг шүүх, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд өндөр зохион байгуулалттай ажилласан.

-Р.Гончигдорж гишүүн хуулийг дордуулан хэрэглэж болохгүй гэдгийг хэлж байсан. Тэр утгаараа наймдугаар сарын 11-нд батлагдсан Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын хэрэг ч гэсэн хамрагдах боломжтой гээд байгаа?

-Р.Гончигдорж гишүүн хууль хэрэгжүүлэх комисст таны хэлсэнчлэн наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хууль батлагдсан. Наймдугаар сарын 17-нд Ерөнхийлөгчийн хориг тавигдсан. Зургаа хоногийн хугацаанд энэ хүмүүс өршөөгдчихсөн байсан. Тиймээс уг хуулийг дордуулан хэрэглэж болохгүй гэдэг хүсэлтийг гаргасан. Уг хуулийг хэрэглэх ёстой хүмүүс нь шүүхийн байгууллага гэж ойлгож байгаа. Үүнийг нь бид шүүхэд шилжүүлнэ. Ер нь бол Өршөөлийн хуулийг нэг л удаа хэрэглэх ёстой. Шүүхийн байгууллагынхан комиссын хуралдаан дээр энэ талаар ярьсан. Хууль хэвлэмэл байдлаараа гарсны дараа хэрэглэгддэг. Төрийн эмхэтгэл сэтгүүл дээр тухайн үед уг хууль бичмэлээрээ гараагүй байсан. Тиймээс хэрэглээгүй гэдгийг Өршөөлийн хуулийн комиссын хуралдаан дээр яригдсан. Зохих шатны шүүх нь хариугаа өгөх байх.

-Тэгэхээр чинь наймдугаар сарын 11-нд батлагдсан Өршөөлийн хуулийг дордуулсан заалтыг хэрэглээд явна гэсэн үг үү?

-Үүнийг шүүх тайлбарлана биз дээ.

-Өнгөрөгч долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг Байнгын хороо хүлээж аваагүй ч чуулганы олонхийн саналаар хүлээж авснаар аймаг бүрт Давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт Анхан шатны шүүх байгуулах боллоо. Эдийн засаг хүнд байгаа болохоор хэрэгжүүлэхэд амаргүй гээд байх юм?

-Үндсэн хуулийн цэц тийм дүгнэлт гаргасан. Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар цэцийн шийдвэрийг хүлээж авсан юм. Тиймээс Үндсэн хуулийн зүйл заалтууд хэрэгжээд явах ёстой. 2016 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэхээр заасан юм билээ. Улсын эдийн засаг хүнд байгаа болохоор дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлээд явна гэдэг хэцүү. Гэхдээ хууль л бол хууль. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шинэчлэлийн хүрээнд хуулийг оруулж ирж байсан. Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Хориг тавих үгүйгээ ажлын тав хоногт шийдэх байх.

-Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал анхаарлын төвд байна. Ард нийтээсээ санал асууя гэсэн ч хугацааны хувьд боломжгүй гэж МАН-ынхан мэдэгдээд буй. Үндсэн хуультай холбогдуулан Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гээд байгаа. Байнгын хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлээч?

-УИХ-ын гишүүд, хууль тогтоогчид бол ард түмнийг төлөөлж төрд сууж байгаа хүмүүс. Төрийн эрх ард түмний гарт байна гэж Үндсэн хуульдаа заачихсан. Өөрсдийгөө “Ардын нам" гэж нэрлэдэг Монгол Ардын намынхан хэдэн сарын өмнө Сонгуулийн хуулиар ард түмнээсээ санал асууя гэж байсан хүмүүс. Тэдний тэгж, ярьж, хэлж, бичсэн зүйлсийнх нь бэх нь ч хатаагүй байна. МАН-ынхан санал асуухад тэдэн төгрөг шаардлагатай гээд бүр төсвийн задаргаагаа хүртэл гаргаад ирчихсэн байсан юм.

Монгол Улсын хувьд ардчилалд шилжээд 25 жил болохдоо 28 Засгийн газрын нүүр үзсэн байна. Энэ бүхэн гол төлөв МАН-ынхны санаачилгаар явсан байна гэдгийг нь харлаа. Улс төрийн тогтворгүй байдал нь Үндсэн хуульдаа байна гэж байгаа. Улс төр нь тогтворгүй болохоор гадны хөрөнгө оруулалт буурч, иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхгүй байна л даа.

УИХ чухал шийдвэрүүдээ гаргахын оронд сандал ширээ, албан тушаалын асуудалд ихэнх цагаа зарцуулж байна. Нөгөө Засгийн газар нь хариуцлагаа хүлээгээд өмнөх ажлаа хийсэн шиг хийж чадахгүй, сайд нараа сольж, олон яамтай болдог. Тэр хэрээрээ олон ч дарга солигдож ажил явахад хүнд байна гэдгийг иргэд ярьж байна. Нэг хүнтэй ярьж тохироод ажлаа явуулахаар болоод эргээд очтол өөр дарга ирчихсэн байдаг. Өмнө нь яриад ажил хэрэг болгохоор тохирсон зүйлс нь салхинд хийссэн мэт алга болдог талаар ярьж байна.

Өнөөдөр дуртай гишүүн нь дуртай сайдаа огцруулна гээд бичиг барьж гүйдэг боллоо. Түүгээрээ наймаа хийж, ах дүү, хамаатан саднаа албан тушаалд хүргэх гэж шантааж хийдэг. Энэ бүхнээрээ УИХ-ын үйл ажиллагааг үймүүлдэг. Ямар нэг хуулийг гацаана гэхэд тухайн намын бүлэг нь хүртэл дэмждэг. Ингэснээрээ бид улс орноо улам л туйлдуулж байгаа юм.

Монголын төрийг доройтуулахаас гадна ард түмнийхээ амьдралыг доод цэгт нь тултал унагаж байна. Буруу зөрүү, муу муухай бүхнийхээ  бурууг бид дотроосоо хайх нь зөв. Үндсэн хуулийн заалт нь энэ бүх боломжуудыг олгож байна. 25 жилийн өмнө энэ бүхнийг урьдчилан тааж хараагүй л байх. Амьдрал дээр ил байгаа энэ алдаануудаа л засах ёстой.

-Гэхдээ энэ Их хурал Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн эрхгүй гээд байгаа?

-Үүнийг шийдэх хэрэг Сонгууль ойртсон энэ үед ард түмнээсээ л асуучихъя. Ард түмэн цаг хугацааны хувьд боломжгүй гэвэл дараагийн их хурал нь л хийнэ биз. Үнэхээр хугацаандаа амжихаар өөрчлөлтөө хийгээд явчих нь зөв. Үндсэн хууль гэдэг эцэг хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаагаа ард түмнээсээ асуух нь хамгийн зөв алхам шүү. Хуульдаа ард түмний санал асуулга авах эрхтэй. Өмнө нь хэрэглэж байгаагүй ч энэ чухал заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын ард түмэн ямар санал өгнө түүнийгээ л дагах ёстой. Энэ намууд нь шийдэж чадахгүй байгаа болохоор ард түмэн минь шийдээд өг өө л гэсэн үг юм шүү дээ. Ард түмний төлөө, эх оронч гэж цээжээ дэлдээд байдаг хүмүүс амьдрал дээр үнэхээр тийм хүн үү гэдгээ харуулчих.

Үг, үйлдэл хоёроо нийлүүлчих гэж хэлье. Ардын нам гэснээрээ Ардын нам болчихгүй. Эх оронч гэснээрээ эх оронч болчихдоггүй юм.

-Сонгуулийн хуулийн дөрвөн төслийг өргөн барьсныг хэлэлцэх нь зөв гээд Их хурал шийдчихлээ. Сонгуулийн хуулийн төслийн тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Үндсэн хуулийн  зүйл заалтдаа өөрчлөлт оруулбал Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв. Шат дараатай явахгүйгээр барьцаалах маягаар явж болохгүй.