Эрүү үүсгэж  шалгаж байгаа юм байхгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2016.01.05

Эрүү үүсгэж шалгаж байгаа юм байхгүй

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллагдагчаар татан цагдан хориод байгаа.

Түүнийг “Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэрэгт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг шалгаж байгаа бөгөөд мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Б.Батзаяа нарын хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “А.Гансүх бид хоёрт эрүү үүсгэж  шалгаж байгаа юм байхгүй. Энэ гарч байгаа бүх мэдээлэл худлаа. Миний өмгөөлөгчийг Батзаяа гэдэггүй. Пүрэвбат гэдэг өмгөөлөгч бий” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.