Баттулга.Х 2016.04.15 | Сонин: Монголын мэдээ

Баянхонгорчууд захидлынхаа хариуг хүлээж байна

Баянхонгорчууд захидлынхаа хариуг хүлээж байна

“Баянгол” зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс санхүүгийн шалгалтыг энэ сарын 11-нд хийсэн.

Шалгалт хийхдээ тусгайгийн 30 ажилтанаар хамгаалуулсан нь олныг цочирдуулсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Баянхонгор аймгаас 60 гаруй иргэд ирж, Х.Баттулга гишүүнийг яагаад шалгах болсон, АН-ын даргатай уулзах, мөн төрийн гурван өндөрлөгт өгсөн захидлынхаа хариуг авахаар Улаанбаатар хотод ирээд буй юм. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж, ирсэн зорилго, шалтгааных нь талаар ярилцлаа

С.Гонгор: Бид 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдах вий гэхээс айж байна

/Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн/
-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгыг яагаад шалгах болсон, мөн бодит байдал дээр нөхцөл ямар байгааг мэдэхээр ирсэн. Х.Баттулга гишүүн манай аймгаас гурван удаа сонгогдсон. Баянхонгор аймгынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө их ажил хийж, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж яваа төрийн түшээд хүн. Жишээлбэл, Баян­хонгор аймгийг жишиг аймаг болгох, шинэ сум төслийг Бууцагаан, Баянлиг сумуудад амжилттай хэрэгжүүлж, иргэ­дэд ажиллаж, амьдрах тохьтой нөхцлийг бий болгосон. Ийм сайхан ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэсэнд Баянхонгорчууд их талархаж байдаг. Мөн сонгогдсоноосоо хойш дэд бүтцийн болон олон хөрөнгө оруулалтуудыг орон нутагтаа хийж чадсан.

Нийслэл хоттой Баянхонгор аймгийг засмал замаар холбосон. Баруун бүсийн худалдаа үйлчилгээний төвийг Баянхонгор аймагт цогцоор нь шийдэж, 2000 гаруй ажлын байрыг бий болгосон билээ. Иргэдэд чиглэсэн нийгмийн асуудалд анхаарч өөрийнхөө цалингаар Баянхонгор аймгийн 20 сумын нийт 100 гаруй хүүхдэд тусласан. Мөн  амьдралын батлагаажуулах төвшнөөс доогуур амьдралтай болон нийгмийн эмзэг бүлгийн амжилттай их дээд сургуульд сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог.

Ахмад өндөр настануудад цагаан сарын идээ өгч, ард түмнийхээ амьдралд бага ч гэсэн тус нэмэр оруулж байгааг нь их үнэлдэг. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлаар яръя гэж бодож байгаа юм. Бид 1989 оны Цагаан морин жил Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, энэ үйл ажиллагаанд оройлон оролцож байсан хүмүүсийн нэг нь. Тэр үед бид 18, 19 настай залуучууд байсан шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчдөө хандаж хэлэхэд, ард түмнийхээ эв эеийг сахиж ажиллаач гэж хүсье. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм хаана байна вэ. Биднийг талцуулахаа болиоч ээ. Тавантолгой бүх ард түмний өмч. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад өгөх гэдэг явдлаа таслан зогсоох хэрэгтэй. Би хувьдаа Х.Баттулга гишүүнийг хэлмэгдүүлэх гэж байна гэж бодож байгаа. Бид 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдах вий гэхээс айж байна. Мөн бид төрийн гурван өндөрлөгт өгсөн захидлынхаа хариуг авахыг хүсч байна.

Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч өө шударга, үнэн хаана байна вэ

/Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн/
-Би Ардчилсан намын гишүүн, Х.Баттулга гишүүнийг сонгогч хүн. Бид нийслэл хотод ирсэн зорилго гэвэл энэ сарын 11-нд “Баянгол” зочид буудалд болсон том үймээнийг зурагтаар хараад сэтгэл их өвдсөн учраас энд ирсэн. Яагаад Ардчилсан нийгэмд хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, яагаад бидний итгэж сонгосон хүн хардалт, сэрдэлтэд өртөх болов гэдгийг мэдэх зорилготой ирсэн. Манай гишүүн яагаад хардалт, сэрдэлтэд орсон бэ гэдэг асуултын хариулт бидэнд их бүрхэг байгаа.

Өнөөдөр “Өдрийн сонин” өөрсдийнхөө бичсэн зүйлд уучлалт гуйж, бидний бичсэн зүйл худал байсан гэж гаргасан байна. Бид үүнд их баярлаж байгаа. Бидний хийсэн үйл ажиллагаа эерэгээр тусч, бидэнд тодорхой үр дүн харагдаж эхэлж байгаад баяртай байна. Х.Баттулга гишүүний хувьд Баянхонгор аймаг болон Монгол Улсын хэмжээнд их зүйлийг хийсэн. Хэдхэн бүтээн байгуулалтыг хэлэхэд манай улсад гадаадын жуулчид ирээд юу үзээд буцдаг байлаа. Их л сайхан өргөн уудам нутагтай, сайхан ардын өв уламжлалтай ард түмэн юм байна гэдгээс өөр үзэх зүйлгүй байдаг байсан. Тэгвэл Х.Баттулга гишүүн 13-р зуун, Цонжинболдог зэрэг маш том бүтээн байгуулалтыг хийсэн. Бусад хүмүүсийн хажууд хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн гэж боддог. Бид Х.Баттулга гишүүнийг дахин сонгох болно. Яагаад гэвэл бидний итгэлийг алдаагүй. Ерөнхийлөгчөөс шударга, үнэн хаана байна вэ гэж асуумаар байна

Ж.Баяраа: Х.Баттулга гишүүн Баянхонгорчуудын итгэлийг алдаагүй

/Баянхонгор аймгийн Баянхонгор сум/

-Би зурагтаар болон сошиал ертөнцөд тархсан Х.Баттулга гишүүнийг шалгасан гэх мэдээллийг сонсоод итгэхгүй, өөрийн нүдээр үзэж, бодит байдалтай танилцахын тулд Улаанбаатар хотод ирсэн. Биднийг хэн ч энд ир гэж шаардаж шахаагүй. Бид бүгд өөрсдийн хүсэлтээр ирсэн юм. Гэхдээ биднээс өөр ирэхийг хүссэн хүмүүс олон байгаа, бид бол баянхонгорчуудын төлөөлөл. Х.Баттулга гишүүн Баянхонгор аймагт маш олон ажлыг хийсэн. Бид хэдхэн жилийн өмнө гэхэд л тусгай цагаар л тогтой, ихэнх нь лаа асаадаг л байсан. Гишүүнийг сонгосноос хойш 24 цагийн цахилгаантай, Улаанбаатартай холбосон хар замтай болсон. Энэ бол маш том дэвшил. Х.Баттулга гишүүн баян­хонгор­чуудын итгэлийг алдаагүй.