Гурванбулаг сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн ажил дуусахад 174 сая төгрөг хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.10.06

Гурванбулаг сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн ажил дуусахад 174 сая төгрөг хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийг зорьж Гурванбулаг, Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Мөн энэ үеэр Гурванбулаг сумын шинэ цэцэрлэг, Жаргалант сумын спорт заал, соёлын төвийн нээлтийн ёслолд оролцсон юм.

Гурванбулаг сумын хувьд цэцэрлэгийн насны 180 гаруй хүүхэдтэй. Энэ тоо бусад сумтай харьцуулахад өндөр ч цэцэрлэгийн хүрэлцээ муу, хуучин цэцэрлэг нь олондоо 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан аж. Харин шинэ цэцэрлэг 100 хүүхдийн багтаамжтайн дээр тус сумын анхны хоёр давхар барилга болж буйгаараа онцлог аж.

2013 оны тавдугаар сард эхэлсэн ч дараа онд царцаагдсан барилгын тоонд орж ажил зогсоход хүрсэн аж.

Нийт 471 м/кв талбай бүхий дөрвөн анги, 16 өрөөтэй шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил 2013 оны тавдугаар сард эхэлсэн ч дараа онд царцаагдсан барилгын тоонд орж ажил зогсоход хүрсэн аж. Барилгын ажил улсын төсвөөс нийт 874 сая төгрөг төсөвлөсөн ч одоо хэр нь 174 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй, дутуу байгаа юм байна. Улмаар хөрөнгө оруулалт зогссоноос гүйцэтгэгч “Унага” трейд компани ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Одоогоор цэцэрлэгийн гадаа талбайн тохижилт, нэг ээлжийн нам даралтын зуухны угсралт зэрэг ажлууд дутуу байгаа гэв.

урванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Бямбасүрэн

Ч.Бямбасүрэн: Дутуу хөрөнгө оруулалтыг шийдчихвэл энэ онд ашиглалтад орох боломжтой

Шинэ цэцэрлэгийн барилгын ажлын талаар Гурванбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Гурван булаг суманд шилжих хөдөлгөөн, төрөлт хэр байна вэ?

-Бусад сумтай харьцуулахад төрөлт харьцангуй өндөр гэж болно. Гэвч шилжих хөдөлгөөн буурахгүй л байна. Таван жилийн өмнө манай сум 2500 гаруй хүн амтай гэж байсан бол одоо энэ тоо 2100 болтлоо буурч. Шилжих хөдөлгөөн буурахгүй байгаа нь цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу гэх мэт асуудалтай шууд холбоотой шүү дээ.

-Шинэ цэцэрлэг ашиглалтад орчихвол цэцэрлэгийн насны бүх хүүхэд хамрагдах боломжтой болох байх?

-Тиймээ, манай хуучин цэцэрлэг 75 хүүхдийн хүчин чадалтай. Бид дээр нь гэр цэцэрлэг ажиллуулж нэмэлтээр 25 хүүхэд элсүүлсэн ч цаана нь дахиад 100 орчим хүүхэд цэцэрлэг завсардаж байсан. Энэ хичээлийн жилд л гэхэд 100 гаруй хүүхэд элсүүлсэн. Оноос өмнө шинэ цэцэрлэгийн дутуу хөрөнгө оруулалтыг шийдчихвэл энэ ондоо ашиглалтад оруулах боломжтой. Угтаа, гол ажлууд нь дууссан. Нэг ээлжийн зуух, гадаа талбайн тохижилт зэрэг ажил л үлдээд байна. Хэрэв төсөв хөрөнгө нь шийдэгдчихвэл гүйцэтгэгч компани ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа.

-Дээр дурдсан тохижилт, зуухны ажилд 174 сая төгрөг шаардлагатай байгаа хэрэг үү?

-Тиймээ, дээр нь гүйцэтгэгч компани энэ мөнгөнөөс ажилчдынхаа цалинг тавих ёстой юм. Энэ он гарсаар цалингаа тавьж чадаагүй байгаа юм билээ.

-Гурванбулаг сум Монгол орны хамгийн хүйтэн цэгийн нэг. Тиймдээ ч барилга барихад мөнх цэвдгийн асуудал тулгардаг?

-Тийм тийм, Завхан аймгийн Тосонцэнгэлийн дараа буюу Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн хоёрдугаарт ордог. Тиймдээ ч хөрсөндөө мөнхцэвдэгтэй, өвөлдөө цас их унаж, явган шуурга болох нь их. Тиймээс цэцэрлэгээ газраас хөндий, хадаасан дээр барьсан хэрэг. Манай сумын цагдаагийн хэлтэс ч ашиглалтад ороод удаагүй. Ер нь, шинээр баригдаж буй барилгууд бүгд газраас хөндий баригддаг гэв.

Жаргалант сумын хувьд 1990 онд баригдсан ч 1992 оноос ашиглагдахаа больсон спорт заал, соёлын төвөө сэргээн засч ашиглалтад оруулсан юм. Эл барилга нь халаалтын зардлыг нь дийлээгүйн улмаас 1992 оноос хойш ашиглагдаагүй, олон жил хаалгаа бариад байсан соёлын төв, спорт заал бүхий цогцолбор барилга юм. Хуучин дээвэр нь хавтгай байсан учир олон жилийн хур тунадас нэвчиж, чийг ихтэй болсон байсан аж.

Эл барилгыг сэргээн засахад нийт 530 сая төгрөгийн өртөг шаардлагатай болсноос улсын төсвөөс 200 саяыг нь гаргаж улмаар засварын ажил эхэлсэн ч төсөв хүрэлцээгүйн улмаас ажил зогсоход хүрчээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга 2014 оны наймдугаар сард тойрогтоо ажиллаж явахдаа сэргээн засах ажилтай танилцаж нэмэлт төсөв боловсруулж өргөн барихыг зөвлөсөн байна. Улмаар сэргээн засах ажилд шаардлагатай 330 сая төгрөгийг төсөвт суулгуулахаар өргөн барьсан ч эдийн засаг хямарсан, шийдэх боломжгүй хэмээн орон нутгаас нь шийд гэсэн хариу өгчээ.

Улмаар сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар Жаргалант сумын Мандалын бөөрөгийн баруун, зүүн салаа, Анагийн аманд гар аргаар алт олборлогч иргэдийн гарт сүйдсэн талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр гурван компани оруулсан аж. Эл компаниуд нөхөн сэргээлт хийхийн хажуугаар олборлолт хийсэн талбайн шламыг дахин ашиглаж олсон орлогоос тодорхой хувийг сумын төсөвт суулгаж өгсөн байна. Эл хөрөнгөөр Жаргалант сумын ард иргэд спорт заал, соёлын төвийн засварын ажлаа дуусгаад зогсохгүй сумандаа зургаан км хатуу хучилттай зам тавьсан байна.

Одоогоор спорт заал, соёлын төвийн цогцолборын уурын зуух, уурын зуухны яндан болон гурван өрөөний засварын ажил дуусаагүй байна.