Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.06.20/ Баянхонгор аймагт ажиллаж байна.
Тэрээр орон нутаг дахь томилолтынхоо эхэнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн “Өлзийт” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төвийн захирал профессор С.Бямбадорж хэлэхдээ “Хөдөө аж ахуйн мэргэжил олгох сургалтыг ерөнхий эрдмийн хичээлээс тусад нь явуулахаар УБДС-ийн эрдэмтэн багш Ц.Цэвээн, Д.Сэрээтэрдорж нартай хамтран сургалт, үйлдвэрлэл, судалгаанд тулгуурлсан, нэмүү өртгийн сүлжээнд ойртуулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрийг холбогдох яамны мэргэжилтнүүдээр хянуулан, 2006 оноос сургалтад нэвтрүүлсэн. "Өлзийт" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил олгодог учир хавар, зун, намрын улиралд сургалт явагддаг онцлогтой. Дөрвөн чиглэлээр мэргэжил олгох сургалтад жилд 320 оюутан хамрагддаг бөгөөд 9 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн 2000 гаруй иргэнд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил олгоод байна” гэлээ.
“Өлзийт” төв нь мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд орчин үеийн арга, туршлагыг нэвтрүүлэх, мал аж ахуй гаралтай бүтээгдэхүүнийг дэвшилтэт арга, технологиор боловсруулах судалгаа хийдэг аж. Тус төв 2013 оноос хойш Бүгд Найрамдах Польш Улсын Хөдөө аж ахуйн академи болон тус улсын “Дорам” компанитай хамтран туршилт явуулж байгаа талаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатад танилцууллаа. Нийт 6 төрлийн 25 зүйлийн ургамлыг тариалсан туршилт амжилттай явагдаж байгаа бөгөөд үр дүнд тулгуурлан цаашид орон нутгийн хэмжээнд тулгамдаад буй цөлжилт, элсний нүүдэл, малын тэжээлийн хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бэлчээрийг сэргээх, малчдыг түлшээр хангах томоохон зорилт дэвшүүлээд байгаа болохыг тус төвийн захирал профессор С.Бямбадорж танилцуулсан юм.
Тус төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор сумын 4, 9 дүгээр багийн иргэдтэй уулзалт хийв. Тэрээр УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын талаар танилцуулсан юм. Мөн УИХ-аар хэлэлцэж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат орон нутагт хоёр өдөр ажиллах бөгөөд ням гарагт /2015.06.21/ Баянхонгор аймгийн Баян-Овоо, Өлзийт сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.