Хонгор нутгийнхан зохион бүтээх сэтгэлгээ өндөртэй
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.03.11

Хонгор нутгийнхан зохион бүтээх сэтгэлгээ өндөртэй

Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас "Авьяас", "Ном","Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан.

Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаж эхэлсэн. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш төдийгүй сургуулийн захирал, нийгмийн ажилтан бүр энэ хөтөлбөрт ач холбогдол өгч ажиллаж байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр эдгээр хөтөлбөрүүдийн биелэлт орон нутагт хэрхэн явагдаж буйтай танилцаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн хоёр өдөр Баянхонгор аймагт ажиллаа.

"Авьяас хөтөлбөр"-ийн хүрээнд Баянхонгор аймагт байгуулагдсан Техник Спортын 2 клубийн нэг "Мөрөөдлийн жигүүр нисэх загварын клуб".  Тус клубийн 30 гаруй гишүүний нэг Ц.Пүрэвдаш нисэх онгоцны загварын улсын уралдаанд хэд хэд түрүүлж мөн энэ төрлөөрөө Азийн аварга болсон байна. Одоо Ц.Пүрэвдаш Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ.

Баянхонгор аймагт байдаг техник спортын өөр нэг клубийн гишүүн бол Х.Нэргүйбаатар.

Тэрээр хэд хэдэн авто загвар мөн 2 ширхэг усан онгоцны загварыг эвдэрсэн машины сэлбэг, элдэв төмрийн хог хаягдыг ашиглан зохион бүтээжээ.

Техникийн спортын клубийн идэвхитэй гишүүн дээрх 2 сурагчийг ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун Ахлах Сургуулиа төгсөөд тус сургуульд элсэн суралцахыг урьлаа.

Хүүхдүүдийг сонирхлынх нь дагуу сургаж хөгжүүлэх нь "Авьяас хөтөлбөр"-ийн зорилго юм. Энэ хөтөлбөрийг Хонгор нутгийнхан амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гол нь хүүхдүүдийг урмаар дэмжих хэрэгтэй гэж  салбарын яамны төлөөлөгчид хэлж байлаа.

Харин Салбарын сайд Л.Гантөмөр хэлэхдээ Баянхонгор аймаг ер нь зохион бүтээгчид ихтэй энэ тал дээр сурагчид нь ч гэсэн амжилттай явж буйг тодотгосон.

Цаашид тус аймгийн хүүхэд багачуудыг зохион бүтээх инженер сэтгэлгээн дээр нь дөрөөлөн хөгжүүлж болох юм гээд Баянхонгор аймгийн "Эрдэм цогцолбор" сургуульд Австрали улсын иж бүрэн хөдөлмөрийн кабинет бэлэглэнэ гэлээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Баянхонгор аймагт ажиллаад цааш Говь-Алтай аймгийн зүг хөлгийн жолоо заллаа.