Баянхонгор аймагт 150 хүүхдийн шинэ цэцэрлэг нээлтээ хийв
Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын болон боловсрол, эрүүл мэндийн салбарт олон бүтээлч ажлыг хийж буй. Тэдгээрийн нэг хэсэг нь цэцэрлэг сургуулийн байр шинээр барих, замын бүтээн байгуулалт юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ 150 хүүхдийн цэцэрлэгийн нээлт болон 0.5 км авто замын нээлтийн ажиллагаанд оролцов.
Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн тоо 84 орчим хувьтай байна. 2016 он гэхэд хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилго тавьжээ. Энэхүү зорилгын хүрээнд шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулахаас гадна “1000 төгрөгөөр цэцэрлэг барья” уриатай аян эхлүүлсэн байна. Цэцэрлэгийн барилгын суурийн ажил хийгдсэн. Сар шинийн баярын өмнө ашиглалтад оруулна хэмээн тус аймгийн удирдлага онцлов.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, “Гурван жилийн өмнө Баянхонгор аймаг сургалтын чанараар улсын хэмжээнд сүүлээсээ хоёр дугаарт ордог байсан бол энэ жил 4-5 байраар урагшилсан. Эндээс харахад сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш удирдлагууд ямар хичээнгүй ажиллаж байгаа нь харагдаж байна.
150 хүүхдийн шинэ цэцэрлэг нээлтээ хийв
Энэ эрчээрээ ажиллавал богино хугацаанд сургалтын чанар сайжирна. Ер нь сургалтын чанар нь цэцэрлэгийн багшаас эхэлдэг. Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсрол байдаг. Түүнээс гадна цэцэрлэгт хүүхдээ өгсөн эцэг эх ажил хийх боломжоор хангагддаг. Тиймээс 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийг хүлээн авч буй та бүхэнд талархал илэрхийлье” гэв.
Цэцэрлэг нь 2007 оноос баригдаж эхэлсэн ч олон компани оролцож ажил нь удааширсаар барилгын ажил энэ жил дууссан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү цэцэрлэгийг орон нутгийн “Ган мөнхжин” ХХК барьж гүйцэтгэжээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн төвийн 10 км бетонон хучилттай авто замын барилгын ажлын 4 дүгээр хэсгийн 0.5 км авто замын нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, аймгийн засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тус замын гүйцэтгэгч “Заютоон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Батмөнх нар оролцож тууз хайчлав.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, өвлийн хүйтэн болохоос өмнө урьтаж 0.5 км замыг ашиглалтад оруулж буй аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, ажилчдад талархаж буйгаа илэрхийлэв.
Баянхонгор аймгийн хувьд тоосжилт ихтэй агаарын болон хөрсний бохирдол ихтэй. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж дээрх бэрхшээлийг багасгана хэмээн үзэж байгаа юм. Энэ жил аймгийн төвд 5.6 км зам шинэчилж ашиглалтад оруулжээ. Харин одоо 10 км бетонон хучилттай замын ажил хийгдэж байгаагийн 0.5 км зам нь ашиглалтад орж байна. Энэхүү замыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Заютоон” ХХК концессын гэрээгээр дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барьж гүйцэтгэж байна.
Энэ үеэр Баянхонгор аймгийн ахмадууд аймгийн төвд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.