“Налайх” дахь МСҮТ сургалтын иж бүрэн дэд станц ашиглалтанд орууллаа
“Налайх” дахь МСҮТ сургалтын иж бүрэн дэд станц ашиглалтанд орууллаа
Мэргэжилтэй ажилчин бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж буй улсын ууган сургуулиудын нэг болох Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тев 60 жилийн түүхт ойн босгон дээрээ ирээд байна.
Тус төвийн ойг угтан Хөдөлмөрийн яам 68 сая төгрөгийн өртөг бүхий хоёр суудлын тэрэг хүлээлгэн өгөх мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбар, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулсан 35/10/0.4 кв-ын сургалтын иж бүрэн дэд станцыг ашиглалтанд оруулах нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ЗДТГ-ын дарга О.Манарбек, ИТХ-ын дарга А.Ганболд, ЦДҮС ТӨХК- ийн Улаанбаатар салбарын дарга Д.Ганзориг, УБЦТС ХК-ийн Налайх түгээх төвийн дарга Д.Батцэнгэл, Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Нямсүрэн болон бусад албаны төлөөлөгч оролцсон юм.
Шинээр ашиглалтанд орж буй нь 35/10/0.4 кв-ын сургалтын иж бүрэн дэд станцтай юм.
Нийгмийн түншлэл, ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шинээр ашиглалтанд орж буй 35/10/0.4 кв-ын сургалтын иж бүрэн дэд станц нь нээлттэй хуваарилах байгууламж, хаалттай хуваарилах байгууламж гэсэн үндсэн хоёр хэсэгтэй.
Мөн реле хамгаалалтын иж бүрэн панель бүхий хамгаалалтын тоноглолтой, өндөр хүчдэлийн цахилгааны үзүүлэх сургалт явуулах бүрэн боломжтой байгууламж юм. Тус дэд станцыг сургалтанд ашигласнаар сургалтын чанар , дээшилж, дэлхийд үнэлэгдсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажил нэг шатаар ахилаа хэмээн тус сургуулийн эрдэмтэн багш нар энэ үеэр ярьж байлаа.
Хөдөлмөрийн сайд тус арга хэмжээний үеэр Налайх МСҮТ-ийн "Түүхээрээ бахархая" музейгээр зочилсон юм. Анх 1973 онд ахмад багш Д.Адъяа, н.Равдан нарын санаачилгаар байгуулж байсан музейг 60 жилийн бүтээлч ажлын хүрээнд хамтран ажиллагч, түншлэгч байгууллагуудын хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулсан байна.
Налайх дахь Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төв нь анх 1954 онд Налайхын уурхайн захиргааны дэргэд байгуулагдаж байсан бөгөөд Налайхын их уурхайн түүхийг бичилцсэн олон хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд тус сургуулиас төрөн гарсан ажээ.