Л.Гантөмөр: 2500 орчим хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлэх боломжтой
Шинэчлэлийн Засгийн газрын “1111 төв”-д нийслэлийн иргэдээс цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар цөөнгүй гомдол иржээ. Тиймээс БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч болох талаар тодрууллаа.
- Улаанбаатар хотын зарим хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулж байна. Энэ асуудлыг салбарын яамнаас хэрхэн шийдвэрлэж байна вэ. Мөн энэ хичээлийн жилд хаана ямар цэцэрлэг шинээр ашиглалтад орж, хэчнээн хүүхэд аваад байна вэ?
-Улсын хэмжээнд энэ жил цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Өнгөрсөн онтой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 8000 орчим хүүхдээр нэмэгдсэн. Энэ нь 10 хүүхдийн гурав нь цэцэрлэггүй байна гэсэн үг юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид 60 цэцэрлэгийг хүлээж авсан. 2014 онд шинээр төрийн болон хувийн өмчийн 45 цэцэрлэгийг хүлээж авна. Үүнээс 11 нь бүрэн ашиглалтад орсон. Үлдсэн цэцэрлэгийн гүйцэтгэл нь 80 хувьтай байна.
Мөн энэ онд цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлүүлэхээр 23 хувийн хэвшлийн цэцэрлэг хүсэлтээ гаргаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Есдүгээр сарын 1-ний байдлаар 40 хувийн хэвшлийн цэцэрлэг ажиллаж байна. Улаанбаатар хотод 27600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй, 81 мянган хүүхэд цэцэрлэгт явж байна. Тиймээс энэ оны арванхоёрдугаар сарын сүүл гэхэд 91 мянга болгох зорилт тавин ажиллаж байна.
-Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулж чадаагүй хүмүүс хувийн цэцэрлэгт хүүхдээ бага зардлаар оруулах боломжтой гэж байсан. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч?
-Зарим хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ялангуяа, өнөөдөр бүртгүүлж чадаагүй, анги танхим нь илүүдэлтэй байгаа цэцэрлэгүүдэд бид урсгал зардлаар нь яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа.
Иймд 2500 орчим хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт шинээр элсэх боломжтой.
Төлбөрийн асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоож байгаа учраас бид Нийслэлийн боловсролын газар болон хувийн цэцэрлэгүүдийн холбоотой ярьж байгаад улсаас өгдөг татаасынх нь хэмжээг үнэ төлбөргүйгээр 2500 хүүхдийг өөр өөрийнхөө байгаа цэцэрлэгт элсүүлэх ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна.
Хэрэв энэ хүүхдүүдийг өнөөдрөөс эхлээд элсүүлбэл энэ ондоо 600 орчим сая төгрөг нэмж гаргах юм. Ирэх жил хоёр тэрбум төгрөг болно. Тиймээс бид энэ ажлыг аль ч тбхиолдолд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ хүүхдүүдийг аваад шинэ төсөв дээрээ руулгаад явна. Энэ оныхоо асуудлыгтөсвийн байнгын хороо болон Сангийн яамтай ярилцаж байна.