“Өнөр бүл” төвийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Өнөөдөр орон даяар хичээлийн шинэ жил эхэлж байна. Шинэхэн бүхнээрээ гоёод, зуны зугаатай өдрүүдийнхээ талаар ярилцах гэж, зуны турш санаж, үгүйлсэн ангийн найзуудтайгаа уулзах гэж яарч, догдолсоор есдүгээр сарын 1-тэй золголоо.
Энэ л өдрүүдэд зорилтот бүлгийн гэх тодотголтой хүүхэд, багачууд эцэг, эхийнхээ гараас хөтлөөд, цэцгийн баглаа гартаа атган, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан алхах үе тэнгийнхнийгээ хараад битүүхэн гунигт автдаг.
Учир нь тэд ч гэсэн бусдын адилаар есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэг рүүгээ яарч, догдлон алхахыг хүсч буй. Тэгвэл Монгол Улсын хүүхэд гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийнхөн эмзэг бүлгийн, хагас, бүтэн өнчин, эцэг, эх нь сэтгэцийн эмгэгтэй, хуулиар эрхээ хасуулсан гэх мэт түмэн шалтгаанаар сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд боломж, олгож, тэдэнд эцэг, эхийг нь орлосоор эдүгээ 30 гаруй жилийн нүүрийг үзжээ.
“Өнөр бүл” төвийн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр болж өнгөрлөө
Өнгөрсөн хугацаанд олон зуун хүүхдэд аз жаргал, хайр энэрэл, гэрэлт ирээдүй бэлэглэсэн “Өнөр бүл” төвийн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр болж өнгөрлөө. Тус төвийн нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮТ-ийн дарга И.Нарантуяа, Монгол Улсын хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн захирал Б.Бурмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарын албаны хүмүүс оролцож, хүүхэд, багачуудад сурлагын амжилт хүссэн юм.
Тус төвийн хичээлийн шинэ жилийг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хүн бүхэн сурч, боловсрох тэгш эрхтэй.
Үүний нэгэн адилаар “Өнөр бүл” төвд хүмүүжиж байгаа багачууд маань ч ялгаагүй маргааш сургууль, цэцэрлэгтээ явна. ХАХНХЯ-ны зүгээс таван багц асуудалд анхаарлаа хандуулж ажиллах юм. Дээрх таван багц асуудлаас хүүхэд хамгийн чухал нь.
Гэр бүл болоод хувь хүн, улс орны хувьд хүүхэд хамгийн чухал, нэн тэргүүний асуудал байх ёстой. Бидний хойч, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эсэн, мэнд амьдрах, сурч, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүнлэг энэрэнгүй, бүтээлч, оюунлаг, амьдрах ухаантай, зөв монгол хүн болгон төлөвшүүлэхийн төлөө эрдэм мэдлэг, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулж ажиллах болно” гэв.
Үүний дараа нээлтийн хөтөлбөр эхэлж, тус төвийн багачууд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчиддөө сурсан, мэдсэнээ толилуулсан юм
Үүний дараа нээлтийн хөтөлбөр эхэлж, тус төвийн багачууд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчиддөө сурсан, мэдсэнээ толилуулсан юм. Тухайлбал, хөвгүүдийн үндэсний найрал хөгжмийн хамтлаг ардын урлагийг орчин үеийн жанртай хослуулснаа үзүүлсэн нь ирсэн зочдоос өндөр үнэлгээ авсан.
Түүнчлэн “Гэрэлт ирээдүй” хамтлагийн охид “Хоёр нар”-ыг дуулж, охидын бүжгийн хамтлаг бий биелгээг чадварлаг биелсэн нь тус төвийн багш нарын хичээл, зүтгэлийн илэрхийлэл гэлтэй. Харин нэгдүгээр ангид элсч буй зургаан настнууд хичээлийн шинэ жилийн хонх цохисноор албан ёсны үйл ажиллагаа өндөрлөлөө.
Үүний дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тус төвийн хүүхэд, багачуудад сурлагын амжилт хүсч, гарын бэлгээ гардуулсан юм.