2014.09.11

Л.Гантөмөр: Япон улс үеийн үед Монгол улсын боловсролын салбарыг дэмжиж ирсэн

Япон улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө.

Уг сургалтын хэрэглэгдэхүүний дээжийг өчигдөр нийслэлийн хоёрдугаар сургуульд гардуулж өгчээ. Бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан дээрх тоног төхөөрөмж нь  тус  бүр 10 нэр төрөл бүхий хоёр багц, нийт 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм байна. 

Энэ үеэр БШУ-ны яамны сайд Л.Гантөмөр “Япон улс үеийн үед Монгол улсын боловсролын салбарыг дэмжиж байдаг. Саяхан гэхэд 1000 инженерийг Японд бэлтгэх боломжийг бидэнд гаргаж өгсөн юм" гэдгийг онцлон хэллээ.

Уг төхөөрөмжийг нийслэлийн 11, орон нутгийн 17 ерөнхий боловсролын сургуульд тус сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жилд Шинэчлэлийн Засгийн газраас "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд ерөнхий боловсролын 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.

Цаашдаа бүх сургуулийг хамгийн сүүлийн үеийн лабораторитой болгох зорилт тавьжээ. 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү