Л.Гантөмөр, С.Одонтуяа нар Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа
УИХ-ын намрын чуулган завсарлаж байгаа энэ хугацаанд гишүүд, сайд нар орон нутагт ажиллаж, чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцож байна.
Үүний дагуу БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар нар албаны бусад хүмүүсийн хамтаар 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллалаа.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2012-2016 онд хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж, амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөр орон нутагт хэрхэн хэргжиж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцаж байгаа юм.
Намрын чуулган завсарлахын өмнөхөн нэр бүхий гишүүдийн хамтаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан С.Одонтуяа гишүүний хувьд орон нутагт ажиллах үедээ эмч, эмнэлгийн ажилтнуудад хуулийн төслөө танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцож байв.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хөдөө, орон нутгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүдээс парламентын эмэгтэй гишүүдтэй уулзахыг, орон нутагт ирж ажиллахыг хүссэн захидал, хүсэлт олноор ирдэг. Тус байнгын хороонд харъяалагддаг С.Одонтуяа гишүүний зүгээс орон нутагт эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөн ярилцсан юм.