Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон байнгын хорооны ажлын алба Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнд өнөөдөр /2015.04.03/ оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байгааг 2013, 2014 онуудад гарсан зам тээврийн ослын тоо баримт тодорхой харуулж байна. 2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Хамгийн харамсалтай нь 2013 онд гарсан зам тээврийн ослоос 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн тоо баримт байна. 2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байна. Тиймээс бүс нутгийн энэхүү зөвлөгөөн нь цаг үеээ олсон амжилттай арга хэмжээ болно гэдэгт итгэж байна гэлээ.
Мөн тэрээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй шууд холбогдох бөгөөд энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо ажиллаж байгааг тэмдэглээд “Чимээгүй дайн” гэж нэрлэгдэх болсон авто ослоос болж жилдээ дунджаар 400-500 хүн нас барна гэдэг нь харамсалтай юм гэдгийг хэллээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн буурахгүй байна. Баянхонгор аймгийн хувьд улсын чанартай хатуу хучилттай авто замд холбогдсон, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг өсгөх хандлагатай байгааг хэлсэн юм.
Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн тэрээр Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн хугацаанд батлагдсан хууль болон 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн төлөөлөгчид болон дээрх аймгуудын тээврийн хэрэгслийн жолооч нар нийт 400 гаруй хүн оролцож асуулт асууж, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Уг арга хэмжээг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.