"Гуталгүй" Монгол гүйх дуртай
Хуульч Ц.Амарсанаа
2016.05.06

"Гуталгүй" Монгол гүйх дуртай

Монгол Улсын хөгжлийн талаар хөндлөнгийн нүдээр харахад үнэхээр хурдацтай хөгжиж буй мэт харагдана. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлт, нийт ажил эрхлэлт, улс төрийн тэнцвэрт байдал, боловсролын түвшин, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн сэтгэлгээ гэх зэрэг зүйлс хамаарна.

Харин хамгийн чухал болох хүн хөгжиж байна уу? Хүний тархи болон түүний хандлагаар хүний хөгжлийн талаар ярьж эхлэх нь зүйн хэрэг болов уу? Хүний тархи өөрийн хүлээн авсан мэдээллийн дагуу сэтгэн бодож байдаг гэдэг нь маргаангүй үнэн юм. Нэгэн түүх өгүүлэхэд, аквариумд амьдардаг аав, хүү хоёр загас байж гэнэ. Нэгэн өдөр хүү загас аав загаснаас асууж байна гэнэ.

- Аав аа, амьдрал гэж юу юм бэ? гэтэл аав загас хэсэг бодолхийлснээ:

- Миний хүү амьдрал гэдэг бол энэхүү хоргон доторх ус юм шүү дээ хэмээн хариулж гэнэ. Магадгүй аав загас төрөхдөө л энэ аквариумд төрсөн. Түүнээс өөр зүйлсийг харж байгаагүй учир хүүдээ ингэж зааж өгөх нь арга ч үгүй биз. Тэгэхээр магадгүй бидний амьдралыг үзэх үзэл, хандах хандлага нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамаарч байдаг. Тийм ч учраас бид юу үзэж, харж, сонсож, мэдэрч, сурч буйгаас хамааран тэрхүү зан чанар, хандлага сэтгэлгээ бүрэлдэн бий болдог байх.

Тэгвэл бид юу үзэж харж баясаж байна бэ? гэсэн асуултад хариулт хайж үзвэл зурагт, радио, сонин сэтгүүл, цахим хуудас, жүжиг тоглолтыг хэлэх байх. Эдгээр ХМХ-ээр цацаж буй ихэнх мэдээлэл тэр дундаас хошин урлагийг сонирхож ажиглавал сонин дүгнэлт гарч ирнэ. Ихэнх хүн хөгжилтэй гэх талаас нь харж байхад зарим хүн үүгээрээ юу хэлэх гээд байна гэдэг тлаас нь хардаг. Тэгж ч харах хэрэгтэй. 

Хүүхдийн хувьд гадны нөлөөлөлд их автдаг. Түүнийгээ өөрийн дадал болгодог зуршилтай. Саяхан гарсан монгол кинон дээр хорих анги гарч байна. Магадгүй буруу зүйл хийвэл ийм байдаг гэсэн талаар ухаарал өгөх мэт. Гэвч далд ухамсарт муугаар нөлөөлж байдаг байна. Хамгийн багадаа л тухайн киноны тэр хэсэгт гарч буй үг хэллэгийг хүүхэд, залуус өдөр тутамдаа энгийн ярианы хэлэнд хэрэглэж хэвших гэх мэт. 

Үүгээр ч үл барам нууц амраг, гэр бүлийн хүчирхийлэл, элдэв муу зуршил, архидан согтууруулах нь энгийн үзэгдэл мэтээр харуулах нь ч бий. 

Ц.Амарсанаа