Сарангэрэл.Д 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Сарангэрэл: Эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал ажлаа үргэлжлүүлж хийх боломж байна уу?

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэж байх үеэр хэд хэдэн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эдийн засгийн хүндрэлийг хэрхэн хохирол багатай даван туулах, ард иргэддээ дарамт учруулахгүй байх арга юу байгааг шат шатандаа ярилцаж байгааг энэ үеэр дурдсан. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Нөхцөл байдлыг ойлгож байна. Яавал нийгмийг бухимдлууд байгаа асуудлыг зөв шийдэх вэ, ард түмнийхээ халаасыг тэмтрээд байхгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх тухай тал бүрээс нь ярилцсан. Зарим нэг боломжийн шийдвэр ч гарсан.

Санал хураалтаар дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна гээд 36 жил ажилласан хүн эдийн засгийн нөхцөл байдалд сайжиртал албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олгосон уу? гэсэн асуулт асуусан юм. 

Асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн товчхон хариулсан юм. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн

"Таны хэлж буй саналын томъёоллоор хэлэлцсэн зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сан дотроо тэтгэврийн сан нь энэ жил 494 тэрбум төгрөгийн татаас авч байна. Зарлага тал дээр хоёр үндсэн хүндрэл байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын насжилт нэмэгдэж байна, насны онцлогийн бүтцээс хамааран жилдээ 20 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Энэ хоёр хүчин зүйлийг харгалзан үзэж, ямар нэгэн өөрчлөлт хийхгүй явах юм бол 2020 он гэхэд тэтгэврийн сангийн татаас 1 их наяд 986 тэрбум орчим төгрөгт хүрч, бараг 1 их наяд төгрөгийн алдагдалд хүрээд байна." гэлээ.