Занданшатар.Г 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Г.Занданшатар: “Сайн” хөтөлбөрүүдийг яагаад төсвийн зарлага талд суулгасан юм бэ?

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр ирэх жилүүдэд төлөх зээлийн төлбөрийг төсөвт ачаалал багатай яаж төлөх талаар оюунаа чилээж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр зээлийн төлбөрийг хэрхэн санхүүжүүлэх талаар саналаа хэлж, хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар

"Сайн малчин" хөтөлбөрт 140 тэрбум төгрөг, "Сайн хувьцаа" хөтөлбөрт 360 тэрбум төгрөг гээд төсөвт тусгагдаагүй олон зардал гаргасан. Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсөвт тусгагдаагүй зардал гаргахыг хориглосон байдаг. Зөвхөн "Сайн" хөтөлбөрүүд төдийгүй түрээсийн орон сууц, Засгийн газрын баталгаа бүхий компаниудын зээл гээд дурдвал хэд хэдэн асуудал байна. Ингээд тооцвол 1 их наяд гаруй төгрөг хуулиас гадуур зарцуулсан байна. Хуулиас гадуур зардлыг төсвийн зардал талд тусгах шаардлага байна уу?" гэдгийг Сангийн сайдаас асуусан юм.

Мөн тэрээр Дамжуулан зээлдэх гэрээгээр буюу Засгийн газар, Хөгжлийн банкаар дамжуулж олгосон зээлийн хүүгийн орлого бол төсвийн гол орлого байх ёстой гэдгийг хэлээд энэ болоод ирэх жилүүдийн гол ачаалал бол зээлийн хүү, зээлийн үйлчилгээний зардал учраас улсын төсвөөс хөнгөлөлттэй авсан зээлийн хүүгийн орлогоор тодорхой хувийг санхүүжүүлэх боломж байгааг хэлсэн юм.

1997 онд банк, санхүүгийн хямрал болж байхад Өр барагдуулах онцгой комисс байгуулаад ШШГЕГ,  цэрэг, цагдаа бүгд банкин дээр ажиллаад банкны системийг хөл дээр нь босгож байсан бодит жишээ, туршлага байна. Тиймээс энэ туршлагыг харгалзан, "Зээлийн төлбөрийг төлүүлэх комисс" гарган ажиллах санал гаргалаа. Татвар нэмэх тухайд 4/10-ын татварын бодлогыг өөрчилж, нэмэхээс өөр аргагүй гэдгийг хэллээ.

Гишүүний асуултад Сангийн сайд товч, тодорхой хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн

“Сайн” хөтөлбөрүүдийг яагаад төсөвт суулгаад зардал өсгөөд байгаа юм бэ гэхээр өмнөх Засгийн газар эдгээр хөтөлбөрийн зардлыг төсөвт суулгах ёстой байсан. Засгийн газраас бонд гаргаж, Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад арилжаалах замаар санхүүжилт босгож, төслүүдээ санхүүжүүлсан байна.

Тиймээс нэгэнт төслүүдээ санхүүжүүлчихсан учраас төсвийн зарлага талд тусгахаас өөр аргагүй байна. Монгол Улс өмнө нь 4 төсөвтэй байсан. Одоо бол нэгдсэн нэг төсөвтэй байя гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна." гэдгээ илэрхийлсэн юм.