2016.09.05

Ө.Энхтүвшин: Өдөр ирэх бүр төгрөг “цаас” болж, ам.доллартай харьцуулахад юу ч биш болсон

Хашир, туршлагатайд тооцогдох УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эрх баригч намыг төлөөлж, УИХ-д сууж байгаа ч УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Намаа эрүүл, цэвэр байлгах үүднээс түүнийг намынхаа "сөрөг" дуу хоолой болдог гэж болно.

Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ч тэрээр дуугүй байсангүй. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх, том талбайтай орон сууцанд амьдарч байгаа бол чинээлэг, тансаг амьдарч байна гэж үзэн татвар ногдуулахаар болсонд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Эдгээр бодлого нь нийгмийн дундаж давхаргыг бий болгоно гэсэн улс эх орны хэтийн зорилт, алсын хараатай зөрчилдөж байгааг хэлсэн юм. 

Нягтлаад үзвэл 450 мянга биш 4 сая 500 мянга төлөхөөр байна

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ард түмэндээ амласнаасаа МАН ухарч болохгүй. Эдийн засгийн нөхцөл байдлыг хичнээн хүнд байлаа ч хэрэгжүүлэхийн төлөө явах л ёстой. Зарим амлалтаасаа ухарч байгаагийн тодорхой жишээ бол 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авах тухай асуудал байна. Энэ асуудлыг тайлбарлахдаа, Монголын нийгмийн шимэгчид болсон аюултай амьтдаас татвар авах гэж байгаа мэтээр иргэдэд ойлгуулж байна. Гэтэл яг бодит үнэн дээрээ өөрсдийнхөө амьдралыг төрийн нүүр харалгүй аваад явдаг хэсгийнхэн болох уул уурхайн компаниудын инженер, техникийн ажилтнууд, дунд болон ахлах түвшний менежерүүд энэ бүлэгт хамаарна.

Төрийн бодлого чинээлэг, дундаж амьдралтай хэсгийг нийгмийн олонхи болгохын төлөө байх ёстой. Гэтэл хачир дээрээ чинээлэг, дундаж амьдрал руу шилжих гэж байгаа нэгэн рүүгээ довтолж, татвар авна гээд сууж байдаг.

Өдөр ирэх бүр төгрөг “цаас” болж байна. Ам.доллартай харьцуулах юм бол бүүр юу ч биш. Тиймээс Хувь хүний орлогын албан татварыг нэмэх асуудлаа эргэж хараач гэсэн санал байна.

150м квадратаас дээш талбайтай орон сууцанд амьдарч байгаа бол татвар авна гэж байна. Татвар авч болно. Гэхдээ хүлээн зөвшөөрөх нэг нөхцөл нь олон байртай, тэр байрнуудаа түрээслээд мөнгө олдог хэсэг бүлэг нөхдүүд.

201-250м квадрат талбайтай орон сууцанд амьдарч буй айл өрх жилдээ 450 мянган төгрөгийн татвар төлнө гэхээр манай гишүүд тайвширчихсан. Гэтэл нягтлаад үзэхээр жилдээ 4 сая 500 мянган төгрөг төлөхөөр болж байна. Тиймээс 4 сая 500 мянган биш 450 мянга гэж тогтоод хэлэлцэх эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй. Банкны зээлээр байраа томруулсан айл, өрхөөс татвар авна гэдэг буруу.

4 сая биш 450 мянган төгрөг жилдээ төлнө

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухрах бодол агуулаагүй. Сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ид хэлэлцээд явж байна.

Манай намын мөрийн хөтөлбөрт, эдийн засгийн хүндрэлийг зогсоож, тогтворжуулаад, өсөлтийг хангана гэж заасан. Ингэхийн тулд 4 жилийн мөчлөгийг 2 үе шатанд хувааж, бодлогоо хэрэгжүүлнэ.

Том талбайтай орон сууцтай айл өрхөд татвар ногдуулах тухайд, Засгийн газар дээр хэлэлцээд өмнө нь оруулж ирснээ өөрчлөөд,  150м квадратаас дээш талбайтай орон сууцны 1м квадратыг 1,5 сая төгрөгөөр үнэлээд 1м квадрат тутмаас 0,3 хувийн татвар авна гэж тооцвол 250м квадрат талбайтай орон сууцанд амьдардаг айл өрх жилдээ 450 мянга орчим төгрөгийн татвар төлнө.