Мөнхтуяа.Г 2016.09.20 | Сайт: Vip76.mn

Нийслэлд жишиг хороолол бий болгох хэрэгтэй байна

Нийслэлд жишиг хороолол бий болгох хэрэгтэй байна

Засгийн газар "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоож, гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим төслүүд зогсонги, гацсан байдалд орсон энэ үед нийслэлийн хөгжлийн асуудалд хэдэн үг нэмэрлэе. 

Одоогийн байдлаар цахимаар 70 мянга гаруй иргэн газар авсан гэсэн тоо бий. Тэдний дийлэнх нь авсан газраа хашаа хатгах боломжгүй байна. Учир нь нэгдүгээрт, гэр бүлийн гишүүдэд өөр өөр байршилд газар ногдсон, хоёрдугаарт, авсан газар нь уулын орой дээр эсвэл дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй хотын захад байгаатай холбоотой. Цахимаар газар олгоно гэдэг нь газар өмчлөлийн нэг хэлбэр л байсан. Газар авах хүсэлтэй иргэдийн дараалал буурсан байж болно. Гэхдээ тийм ч оновчтой хэлбэр, зөв шийдэл байгаагүй гэдэг нь харагдаж байна.  Газар өгсөн нь үнэн, хашаа байшингаа барьвал барь, барихгүй бол тодорхой хугацааны дараа буцаан авна гэдэг төрийн бодлого байж болохгүй.

Тэгвэл одоо яах вэ?  

Хотын тодорхой хэсгийг сонгон авч, газар зохион байгуулалт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, технологи, нийгмийн асуудлыг бүрэн шийдсэн жишиг хороолол бий болгох хэрэгтэй. Жишиг хороолол байгуулсны дараа хорооллын газрыг иргэдэд олгохдоо цахимаар эсвэл сугалаа зэрэг ямар ч хэлбэрийг сонгож болно шүү дээ. Харин жишиг хороололд газар авсан айл өрх бүрт стандартын шаардлага хангасан, байгальд ээлтэй технологи бүхий барилга, байшин барихыг шаардаж болно. Ази, Европын шалгарсан технологиудыг оруулж ирэх асуудлыг нийслэл хариуцаж, иргэдийг дэмжиж болно шүү дээ. Өөр нэг асуудал бол гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гудамж гудамжаар нь, хороо хороогоор нь жишиг хороолол байгуулж болно. Өөрсдийн газар дээрээ хэрэгцээндээ таарсан барилга барих нь иргэдэд харьцангуй хямд тусах болов уу.    

“Жишиг хороолол” гэнэ үү?

Тийм ээ. Жишиг хороолол. Энэ ойлголтод шалгарсан технологи бүхий барилга, байшин, орон сууц, явган болон авто зам, цэвэр, бохир, дулааны шугам, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ, гэрэлтүүлэг болон ногоон байгууламж бүхий цогц орчныг хамруулж байгаа юм.

Өнөөгийн улс эх орон, нийслэлийн хөрөнгө мөнгө, нөөц боломжийг бодолцсон ч тэр олон газар хэд хэдэн төсөл зэрэг хэрэгжүүлэх боломжгүй байна. Тиймээс ч агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдээ тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын төвд хамгийн ойр гэр хорооллоос эхлэн жишиг хороолол бий болгох хэрэгтэй байна. Бельги, Швед, Англи зэрэг барууны орнууд яаж хотын төв болон захын дүүргийн гэр хорооллоо хөгжүүлсэн туршлагыг Монголд, нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлж болно.

Тухайлбал, Бельги гэхэд 1-2 өрөөтэй 2-3 давхар нийтийн орон сууцыг гэр хороолол дунд олноор барьж, тэнд оршин сууж байсан айл өрхүүдээ оруулсан байна. Улмаар улс орных нь нийгэм, эдийн засаг тогтворжиж, иргэд нь орлоготой болсноор хувьдаа орон сууц худалдан авч, улс нь нийтийн байрнуудаа хувьчилж байх жишээтэй.

Өөр нэг жишээ гэвэл манайх шиг эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хямд өртөг бүхий орон сууцны технологиуд барууны орнууд төдийгүй Азид тэр дундаа Хятадад ч байна. Цэвэр, бохир, дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Ус цэвэршүүлэх, бичил цэвэрлэх байгууламж барих, цахилгааны хэрэглээг багасгах технологийн шийдэл ч нэвтрүүлж болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд өртөг өндөр, олон давхар орон сууц барихыг урьдал болголгүй 2-5 давхар орон сууцнууд барих нь манай нөхцөлд ч тохиромжтой. Эдгээр жишгийн дагуу улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Энэ бүгдийг шат дараалалтай хийх ёстой.

Иргэдийн оролцоо чухал

Жишиг хороолол байгуулах асуудалд иргэдийн санаачилга, оролцоо маш чухал. НИТХ-ын төлөөлөгчид энэхүү санааг барьж аван мэргэжлийн зураг төсөл гаргах, батлуулах, хотын удирдлагуудаар санаачилгаа дэмжүүлэх, техник технологийн шийдлүүдийг оруулж ирэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг нийслэлийн төсөвт суулгуулах шаардлагатай байна.

Ойрын хугацаанд эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг дүүргийг сонгон авч жишиг хороолол байгуулах ажлыг эхлүүлж болно шүү дээ. Энэ ажилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, хоёр талт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж болох юм.