Ц.Даваасүрэн: Зөвхөн хугацаа хэтэрсэн зээлтэй малчдын өрийг л барагдуулна
2011.02.24

Ц.Даваасүрэн: Зөвхөн хугацаа хэтэрсэн зээлтэй малчдын өрийг л барагдуулна

Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бэлэн бусаар олгогдох нэг сая төгрөгөөр хугацаа хэтэрсэн зээл барагдуулж болно гэсэн утга бүхий хуулийн төслийг Ц.Даваасүрэн нарын гишүүд санаачилсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх мэдээлийн дагуу иргэд яг ямар зээлд энэ хамааралтай гэдгийг ихээр сонирхож байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.


-Та бусад нэр бүхий гишүүдтэй хамтран Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Дээрх хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгөөр зуданд нэрвэгдсэн малчдын хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах хувилбарыг оруулъя гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг хэлэлцэгдэх байх гэж итгэж байна. Яагаад гэвэл зуд болоод хотоо харлуулснаас үүдэн хотын хүн амыг өсгөж, утаа энэ тэр гээд л нийслэлийн тулгамдсан асуудлуудыг нэмэгдүүлээд байна.

Тиймээс мал маллаж сурсан хүний чадах зүйл нь л тэр болохоор үүн дээр нь түшиглэж, ядуурлаас гарах бодлого нь явах ёстой. Тэр утгаар нь авч үзвэл банкны хугацаа хэтэрсэн өр зээлээс нь хөнгөлж өгөөд, тэндээ малаа маллаж байх боломжийг нь бий болгож өгч байх ёстой гэж үзэж байна.

-Таны санаачилсан энэ төслийг ихэнх хүмүүс байр, автомашин, жижиг дунд үйлдвэрлэл гээд л ер нь л хугацаа хэтэрсэн бүх зээлд хамааралтай гэж ойлгоод байна. Тийм биш хэрэг үү?

-Орон сууцны болон бусад зээлийг төлөх боломж тэртэй тэргүй Хүний хөгжлийн сангийн тухай хуульд байгаа шүү дээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийг энэ Хүний хөгжлийн сангийн мөнгөөр барагдуулах боломжгүй. Тиймээс зөвхөн зуд турханд нэрвэгдэж малаа алдчихаад зээлээ төлөх ямар ч эх үүсвэргүй байгаа малчдын хугацаа хэтэрсэн зээлийг л барагдуулахад хамаарах хуулийн төсөл юм.

-Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад нэлээд бэрхшээлтэй шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл хэлэлцэгдэх болов уу. Уг нь зээлийн өрөнд дарагдсан малчин өрх олон л байгаа байх?

-Тийм ээ. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын гишүүдийн 3/2- ийн саналыг авч байж ордог учраас хэлэлцүүлгийн явцад хүндрэлтэй асуудал гарах байх. Гэхдээ энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх үед гишүүд дэмжих байх гэж бодож байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.