С.Эрдэнэ: Засгийн газар ирээдүй рүү нулимж байна
Ардчилсан намын УИХ-д өргөн барьсан хүүхдийн мөнгө олгох саналыг Засгийн газар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэх шийдвэр гаргасан. Ардчилсан нам үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын бүлэг уржигдар хуралдсан. Бүлгээр хүүхдийн мөнгөний асуудлыг хэрхэн яаж шийдэх, төсвийн тодотголд суулгах эх үүсвэр байгаа эсэхийг ярилцсан. Тэгээд өмнөх байр суурин дээрээ баттай байх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг олгох Ардчилсан намын байр суурь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хэрвээ энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол төсвийн тодотгол хэлэлцэх явц цаашид гацаанд орох магадлалтай байгаа.
-Засгийн газар хүүхдийн мөнгө гэсэн тусдаа олголт байх шаардлагагүй. Хүний хөгжил сангаар дамжуулж олгоход болно гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ мөнгийг хэн нэгэн өгөөмөр сэтгэлтэн тарааж байгаа юм биш. Монгол төрийн бодлого. Нэг үгээр хэлбэл хүүхдийн ирээдүйд төрийн бодлогоор оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Гэтэл үүнийг хавтгайрсан халамжтайгаа хутгах эсвэл хүүхдийг тусад нь авч үзэж байна гэх хүмүүс бий. Эдгээр хүмүүс ирээдүй рүү нулимж байгаагаас өөрцгүй. Өнөөдөр нийгмийн амьжиргаа ямар байна, Нийт иргэдийн дийлэнх ямар түвшинд амьдарч байна. Өмнө олгогдсон хүүхдийн мөнгө хүн амын дийлэнх хэсэгт оногдож байсан. Тэр утгаараа Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хагас өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна. Харсаар байж юунд тэр хүүхдүүдээс мөнгөө харамлаад байгаа юм бэ. Тэгсэн хэрнээ ямар ч үр ашиггүй 70, 50 мянгыг олгоно гэж байх юм. Энэ мөнгийг тараах сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Үр ашиг нь хаана байна. Харин хүүхдийн мөнгө хэзээ ч юмны үнийг хөөрөгдөж байгаагүй.
-Таны бодлоор Засгийн газар ямар шалтгаанаас хэлэлцэх боломжгүй гэж үзсэн бэ?
-Би улс төрийн шалтгаантай л гэж харж байна.
-МАХН хүний хөгжил сангаар олгох нь зөв гэсэн байр суурьтай байх шиг ээ?
-Хүний хөгжил сангаас дамжуулж олгож байгаа мөнгө, хийж байгаа үйл ажиллагаа өөр юм. Хүүхдийн мөнгөтэй огт холилдох ёсгүй зүйл. Хэрэв бид Монгол орны ирээдүйг гэрэлтэй, гэгээтэй байгаасай гэж бодож байгаа л бол хүүхдийн мөнгийг өгөх ёстой.
-Танай намын өргөн барьсан төсөлд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг бий болгох боломжтой зүйл заалтуудыг оруулсан гэж байсан. Яг хаанаас эх үүсвэрийг гаргахаар заасан бэ?
-Тухайлбал Эрчим хүч, замын чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр тавигдсан 190 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгийг хөрөнгө оруулалт руу төсвөөс олгохыг нь зогсоогоод хүүхдийн мөнгөө олгох саналыг гаргасан. Хүүхдийн мөнгө нийт 120 тэрбум төгрөг байгаа.
-Ингэхэд эрчим хүч замын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хаанаас гаргах уу?
-Эдгээрийн санхүүжилтийг уул уурхай, ашигт малтмалын баялагаас орж ирэх орлогоос санхүүжүүлэх нэг арга байна. Хоёрдугаарт уул уурхай ашигт малтмалын баялагаараа "бартер" хийх замаар санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн. Үүнд судалгаа дүгнэлт хийсэн. Холбогдох мэргэжлийн яам ч гэсэн боломжтой гэсэн санал ирүүлсэн. Ийм боломж байхад яагаад хойшлуулаад байгааг би ойлгохгүй байна.
-Өнөөдөр төсвийн байнгын хороон дээр Ардчилсан нам завсарлага авсан. Ямар асуудлаар завсарлага авсан бэ?
-Хүүхдийн мөнгөний талаар. Манай намаас байгуулагдсан ажлын хэсэг тооцоо судалгаан дээр ажиллаж байна. Тэгээд дахиад саналаа оруулна. Дахин оруулж байгаа саналыг хүлээж авах боломжгүй гэвэл бид өөрсдөөс шалтгаалах бүх л асуудлыг зөрүүлж тавина
.-Тухайлбал ямар асуудлыг тавих вэ?
-Төрөөс бусад асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэсэн асуудал тавина. Төсвийн тодотголыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа.