Д.Ганхуяг: Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс өгөх бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай төсвийн зарлага хумих болон хүүхдийн мөнгөний асуудлаар ярилцсан юм.
-Ардчилсан намын бүлгийнхэн хуралдаанаараа Ч.Улаан сайдыг нэлээд сайн байцаасан. Үүний дараагаар төсвийн зарлагыг хумих асуудал дээр ажлын хэсэг байгуулсан. Үнэхээр цомхотгол хийснээр төсвийн зарлага хумигдах уу. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд таны үгийг сонсох гэсэн юм?
-Төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсөв гэдэг орлого, зарлага хоёроос бүрддэг. Орлого дутуу төлөгдсөн байна уу гэдгийг УИХ нэн тэргүүнд үзэх ёстой. Хоёрт зарлага хэтэрхий нэмэгдэж үү. Зарлага гэдэг хөрөнгө оруулалт. Тэгэхээр хөрөнгө оруулалтын үр дүн ямар байна гэдэг талаас нь харж байгаа юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг Ардчилсан нам дэмжсэн.Шалтгаан нь парламентын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа хоёр нам хамтарчихаар хяналт бага болдог. Нөгөө талаар орон тоо нэмэгддэг хандлага гарах нь бий. 2008 онд 13 орчим мянга байсан бол өнөөдөр 150 орчим мянган төрийн албан хаагч бий болжээ. Цаана нь гэрээгээр ажилладаг гээд 10 гаруй мянган хүн байгаа юм. Тэгэхээр 165 мянга гаруй болчихно. Тийм учраас урсгал зардлыг багасгах зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр яам болгон дэд сайдтай байх шаардлагатай байна уу. Мөн яамдад газрын орлогч, хэлтэс, хэлтсийн орлогч гээд энэ бүхнийг үзэж хараад тодорхой орон тоог бууруулах шийдвэр гаргасан юм билээ. Ардчилсан намын бүлэг дээр ч ийм зүйл яригдаж байсан. УИХ энэ үргүй болон урсгал зардлыг багасгах орон тоог зохистой болгох чиглэлд хоёр ч удаа тогтоол гаргасан. Энэ нь хэрэгжээгүй. Энэ удаад дээрх чиглэлийг өгөх байх аа гэж найдаж байгаа. Хэтэрхий үр дүнгүй олон хүн ажиллаж байхаар үр дүнтэй цөөн хүн ажиллаж цалин хөлсийг нь амьдралд нь ойртуулж өгөх зарчмаар явбал зүгээр байх.
-Хэдийгээр төсөв хумигдах сайн талтай ч ажил¬гүйчүүдийн эгнээ тэлэх юм шиг. Үүнийг төрөөс хэрхэн зохицуулах юм бэ?
-Иргэд төрийн алба руу хошуурдаг. Төрийн албаны тухай хуультай нь холбоотой байх. Төрд ажилласнаар ажлын байр найдвартай, нэг хүүхдээ үнэгүй сургачихна. Мөн сургалт дамжаа, мэргэ¬жил дээшлүүлэхэд төрөөс дэмжлэг авдаг сайн талтай. Албан тушаал ахивал хүнд сур¬тал ихтэй, хажуугийн орлого ч нэмэгдэнэ. Хангамж ч өндөр. Жишээ нь, ажлаас халагдвал 36, 48 сарын цалин өгдөг. Иймд гол нь үүнийг цэгцлэх хэрэгтэй. Улс орон хөгждөггүй шалтгаан нь бий болсон хөрөнгийг үр ашиггүй зарлагаддаг явдлаас үүдэлтэй.
-Нэгэнт таньтай уулзсаных зарим зүйлийг тодруулмаар санагдчихлаа. Ардчилсан намын зүгээс хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгож эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл Засгийн газар байр сууриа илэрхийлэхгүй асуудлыг хойш татах болсон талаар гишүүд сэм ярих боллоо?
-Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгох саналыг Ардчилсан намын бүлэг гаргачихсан. Мөн хоёр намын гурван гишүүн нэгдээд Засгийн газарт хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-ээс олгох талаар хуулийн төсөл өргөн барьсан. Маргаашийн (өнөөдрийн) Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох байх. Төсвийн зарлагатай холбоотой 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал гарч ирэх юм.
-Энэ мөнгийг гаргах боломж үнэхээр бий гэж үү?
-Үүнийг бий болгох бүрэн боломжтой.
-Тухайлбал, ямар эх үүсвэрээс гэж. Газрын баялгаас гэж байгаа бол одоогоор мөнгө орж ирээгүй байгаа шүү дээ?
-Жишээ нь, банкны алдагдлыг хаасан шүү дээ. “Зоос” банкинд зориулаад 100 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүнийгээ мөнгөжүүлчихсэн байгаа. Үүнийг татаж авах боломжтой. Мөн “Анод” банкинд байсан төрийн сангийн мөнгийг татаж авах боломж бий. Мөн орлого талыг нэлээд олон ашигт малтмал дээр нэмэгдүүлж байгаа. Өсөн нэмэгдэх нөөцийн татварын тухай хууль яригдаж байна. Энэ тал дээр ч яригдах байх.
-Ардчилсан намын бүлгээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай яригдсан байсан?
-Төсвийн хөрөнгө оруулалт үр дүн муутай байгаа. Төвсийн тухай хууль, Төс¬вийн тухай удирдлага санхүүжилтийн тухай, Нэгдсэн төс-вийн тухай хууль гэж нэгтгээд Засгийн газраас оруулж ирэх гэж байна. Энэ бол чухал хууль. Хоёр асуудлыг зөв гольдролд нь оруулъя, олон улсын жишигт нь хүргэх юм. Нэгдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх юм. Өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, замын асуудлыг тухайн аймагт нь өгье. Нөгөө нь, улс орны хэмжээний болон олон улсын чанартай зам, эрчим хүчний асуудлыг Засгийн газраас оруулаад л гишүүд гараа өргөөд батлаад байдаг. Гэтэл үр дүн муутай байна, технологи хоцорсон зэргээс эхлээд л шүүмжлэл дагуулдаг.
Жишээ нь, Монголын замын компаниуд тавихаараа нэг км замын өртөг 300 сая төгрөг байдаг бол гадныхан сая дотор багтаачихдаг. Чанарын хувьд мэдээж сайн. Гэхдээ ойролцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадны орнууд цэвэр бизнесийн шугамаар явуулж байгаа юм. Эрчим хүчний салбар барьж байгуулья гэхээр бүтээмжээрээ дамжуулаад асар их өр байдаг. Япон, Солонгос зэрэг орнууд үүнийгээ яаж шийдвэрлэж байна гэхээр Хөрөнгө оруулалтын банк нь Хөгжлийн банк байгуулдаг. Тэгээд үүгээрээ дамжуулаад төсвөө шийддэг. Хамгийн сайн, үр дүнтэй төсөл хэрэгжүүлсэн байдаг.Бид тааж мэддэг улсууд биш. Засгийн газраас өртөг нь тэд байна гээд оруулаад ирдэг. Гэтэл ажлынхаа голд тасалдах явдал гардаг. Эрчим хүчнийх нь шугам сүлжээ уначихдаг. Ингээд асар их цахилгааны алдагдалтай гарах жишээтэй.
-Манай улсад Хөгжлийн банк байгуулна гэж яригдаад байгаа шүү дээ?
-Тийм, үүгээр дамжуулж аливаа хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх боломжтой болох юм. Улсын төсөвт орлого нь орно. Засгийн газар үүнд дүгнэлт хийгээд энэ жил ийм газар зам тавих олон улсын болон улсын чанартай зам, эрчим хүч барьж байгуулах ёстой гэж бизнесийн байдлаар нь дүгнэж оруулж ирэхгүй бол одоо хүн амын 70 орчим хувь нь Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд амьдарч байна. Гэтэл хүн байхгүй газар эрчим хүч татчихаар төлбөрөө төлж чаддаггүй. Зам ч мөн адил. Зам тавьчихдаг хэдхэн машин явдаг. Хэдэн жилийн дараа эвдэрчихдэг. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлагыг сайжруулах, өөрчлөлт хийх шаардлагатай.