Баасанхүү.О 2017.01.05 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Эрх хасах олон шалтгаан бий учраас согтуугаар жолоо барьсан этгээдэд маш хүнд хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын хяналт Прокурорт байдаг. Миний ойлгож байгаагаар баривчлах шийдтгэлийг цагдаа шүүхэд өгнө гээд байгаа. Тухайн хэрэгт хяналт тавьж байдаг прокурорт хамаатай хэрэг биш үү?

Захиргааны хэрэг үүсэж байгаа учраас гомдол гаргах эрх бас байх ёстой. Гэтэл хяналт тавих эрх бүхий байгууллагыг нь алгасаад цагдаа, шүүх хоёрыг шууд харилцаатай болгож байгаа шалтгаан нь юу юм бэ?

Өршөөлийн хуулиар 15 мянган эрхээ хасуулсан жолооч эрхээ сэргээж байсныг санаж байна. Өршөөлийн хууль хэдий өнгөрсөн ч гэлээ эрх хасалтын ажиллагаа явагдаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

Зөвхөн согтуу жолоо барих биш, хурд хэтрүүлсэн, дүрэм зөрчсөн гээд эрх хасах олон шалтгаан бий. Хуучин хуулиар эрхийг нь хасаад торгодоггүй. Эрхээ хасуулсан этгээд  дахин жолоо барих юм бол 50 мянган төгрөгөөр торгодог. Хоёр дахь удаагаа жолоо барих юм бол баривчилдаг байсан.

Харин одоо эрхээ хасуулаад торгодог асуудлыг нь авч үлдээд хоёр дахь удаагийн үйлдэлээр нь баривчилах гэж байгаа. Энэ бүхний цаад утга нь эрхээ хууль бусаар эдэлсэн асуудал болж байгаа юм шиг харагдаж байна.  

 Өөрөөр хэлбэл зөрчилд оногдуулж байгаа хариуцлага биш эрхгүй этгээд эрхээ хэтрүүлэн эдэлсэнтэй адил зүйл юм. Замын цагдаагийнхан санаж байгаа эрхээ хасуулсан бараг 3-4 мянган жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа.Тэгээд  баригддаг. Ийм байдлаар хариуцлага хүлээлгэх  баривчилгааны байрны даац хэтрэх биш үү гэдгийг тооцоолж үзсэн үү?

Нөгөөтэйгүүр ямар ч тээврийн хэрэгсэл барих эрхгүй этгээд гэж байна. Жолоочийн үнэмлэхгүй байж аав, ээжийнхээ машиныг унаад явдаг. Тэр этгээд бол шууд баривчилгаанд явах юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр үйлдэл бүрээс хамаарч хариуцлагын зэргийг чангатгэх ёстой юм шиг. Согтуугаар машин барьж эрхээ хасуулчихаад дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд маш хатуу хариуцлага тооцох ёстой.

Гэтэл хурд хэтрүүлж эрхээ хасуулсан жолооч дахиад замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд баривчилна гэдэг бол зөрчил үй олноор гарах баривчлах байрны даац хэтрэх сөрөг талтай юм гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Шоронд байгаа хүний тоо 5 мянга байгаа гэж үзвэл баривчлагдах хүний тоо түүнээс давахыг үгүйсгэх аргагүй болоод байна. Нэгдүгээрт энэ нөхцөл байдалд прокурор яг ямар оролцоотой байх вэ?

Хоёрдугаарт эрхээ хасуулаад жолоо барих эрхгүй этгээдийг яаж хүлээж авах вэ?

Ажлын хэсгийнхэн ийн хариулсан юм.

Эхний асуултад захиргааны хариуцлагын хуулийн дагуу зөрчил хянан шийдвэрлэх процессоороо явж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа шиг прокурорын оролцоо энд байхгүй байгаа. Зөрчлийн хуулийг хянан шалгах үеэр прокурорын байр суурь ямар байх вэ гэдгийг тодруулж болох байх.

Харин Эрүүгийн хуулийн процессийн хувьд таны хэлж буйгаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явсан материалыг прокурор хянаад шүүхэд шилжүүлж байгаа. Зөрчил нь үйлдэж буй сувьектээрээ ялгагдах юм. Нэг нь жолоо барих эрхтэй этгээд нөгөө нь жолоодох эрхээ хасуулсан этгээд гэдэгээрээ ялгагдана гэсэн үг. Жолоодох эрхтэй байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд хуулийн дагуу торгууль оногдуулна.

Харин жолооны үнэмлэхгүй этгээд жолоо барьсан тохиолдолд илүү хүнд хариуцлага гэж үзээд баривчлана гэж уг хуулийн төсөлд тусгасан байгаа.