УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.01.20

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэхгүй бол яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төслийг энэ чигээр нь батлах юм бол нийгэмд маргаан дагуулна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

Нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлбэр талаас нь харахад дэмжих ёстой юм шиг. Нөхцөл байдлыг ойлгож байна. ИТХ-ын төлөөлөгчид ажилгүй, төрийн албаны ажлыг яаж явуулах ёстой мэдэхгүй байна гэсэн шүүмжлэл сум, орон нутгийн иргэдээс ирдэг. Гэхдээ зарчмын хувьд харахад ухралт болж байгаа юм.

Төр, нам хоёр салангид байх ёстой гэсэн зарчмын шийдлийг өмнөх парламент гаргасан. Нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн зохицуулахад амаргүй байх. Тиймээс хоёр зүйлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас асууя.

Сонгогдсон төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албан хаагч байж болно гэж заасан байна. Тэгвэл яг гуравны нэг байна гэдгийг яаж нотлох вэ? Гуравны хоёр болоод гажуудал үүсвэл яах вэ? Үүнийг яаж зохицуулах вэ?

Төрийн жинхэнэ албан хаагч бол Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад тэнцэх ёстой. Гэтэл уг сонгон шалгаруулалтад ИТХ-ын төлөөлөгч ороод тэнцэхгүй бол яах вэ? Хүчээр тэнцүүлэх бодлого барих уу, эсвэл?

Энэ мэт зохицуулах зүйлсээ одооноос бодохгүй бол хэдэн жилийн дараа төр, нам хоёр нь нийлчихсэн, ИТХ нь хүчгүйдсэн, Тамгын газрын дарга нь ИТХ-ын төлөөлөгч байдаг, Нийгмийн бодлого хариуцсан дарга нь ИТХ-ын төлөөлөгч байдаг байдал руу буцаад орчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.

1991 оноос хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөгдөж, шат шатандаа шинэчлэл хийх шаардлагатай байгааг ойлгож байна. Гэхдээ “гал унтраасан” байдалтай зохицуулалт хийх нь хэр зөв бэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

Уг хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар дангаараа толгой мэдэж санаачилсангүй. Орон нутгаас ирүүлсэн саналуудад үндэслэн боловсруулсан. Тэр дундаа Хэнтий аймгийн Засаг дарга, сумдын удирдлагын зүгээс нилээдгүй санал ирсэн. Тийм учраас тодорхой үндэслэл, шалтгааны улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж ойлгож болно.

Хуучин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 1/3 нь гэсэн заалт байсан. Хэрэв хуулийн төсөл батлагдвал нийт төлөөлөгчдийн 1/3 гэдгийг тооцоолж болох байх. Хэрэв 2/3 болгож хууль зөрчсөн тохиолдолд орон нутгийн удирдлагад хариуцлага тооцох тухай заалтууд орсон.

Хэрэв Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь төрийн албаны мэргэшсэн шалгалтад тэнцэхгүй бол төрийн албанд ажиллахгүй л гэсэн үг. Энэ бол маш ойлгомжтой асуудал. Бас заавал нийт төлөөлөгчдийн гуравны нэг нь байх шаардлагагүй, байж болно л гэж заасан.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нарийвчлан зүйл заалт дээр ярилцья гэж тохиролцсон. Аймаг, сум, нийслэлийн Тамгын газарт ИТХ-ын төлөөлөгч нь мэргэжилтэн болоод бусад албан тушаалд ажиллах уу, үгүй юу гэдгийг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Тойргийн асуудал яриагүй байна л даа. Зарчмын том асуудалд анхаарч зохицуулалт хийхгүй юм бол уг хуулийн төслийг баталчихдаг. Баталсны дараа шүүмжлэлд өртөх вий гэж бодож байна. Аливаа зүйл урагшлах л ёстой.

Аймаг, орон нутгийн удирдлагуудаас ирсэн саналд үндэслэсэн гэдгээр хаацайлж болохгүй юм. Мэдээж одоогийн нөхцөл байдалд уялдуулах ёстой ч нухацтай хандах ёстой.