Онцлох мэдээ4 мин унших
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хяанхярваа танилцуулав.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг орон нутаг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг хуулийн төсөлд гол зарчим болгосон. Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж байхад анхаарсан. Мөн аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сумд хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байх зарчмыг төсөлд тусгажээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох юм байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг “Засаг захиргааны шинжтэй" зарим чиг үүргийг хэрхэн шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоож өгчээ.
