Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлцгээлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнөөдрийн мэдээлэл бол Төрийн байгуулалтын байнгын хорооны нутгийн удирдлагын дэд хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад тодорхой асуудлыг тавьж мэдээлэл ирүүлэх талаар асуудал тавьсантай холбоотой мэдээлэл сонсож байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Хууль батлагдсантай холбоотой 2022 оны 1 сараас эхлэн дагаж мөрдөх ёстой нэлээн хэдэн заалтууд, үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах асуудал Засгийн газарт явж байгаа. Хэд хэдэн асуудал жаахан хүлээлттэй, сая нутгийн удирдлагын дэд хорооны гишүүд 2-3 аймагт төрийн албаны хууль, нэгжийн хуультай холбоотой танилцуулах уулзалтууд хийж, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг хийх явцад нутгийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчдөөс нэлээд олон асуудал гарч байсан. Үүнтэй холбоотой мэдээлэл сонсох нь зүйтэй юм байна. Мэдээллүүдийг сонслоо. Бидэнд бичгээр ирсэн, голдуу боловсруулж байна, яамдаас санал авсан. Засгийн газрын ирэх 7 хоногийн хурлаар орно гэсэн мэдээлэл их ирж байна. Цаг хугацаа нэлээд алдсан. Аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ууд 2022 оны 1 сарын 1-нээс ажлууд нь явах гээд байхад дээрээс чиглэл ирээгүй байна, журмууд нь батлагдаагүй байна, засгаас өргөн мэдүүлэх зүйлс нь болоогүй байна гэдэг хүлээлттэй байна. Ирэх оны 1 сарын 1-нээс мөрдөж эхлэхэд хүндрэлтэй асуудлууд юу байна вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт, Ковидын хуулиа 6 сараар сунгах талаар бүлгийн хурлаар ярьсан. Баахан үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг цэгцлэхгүй юмуу? Үүнийг би намрын чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр төрийн албаны зөвлөлийнхөнд хэлсэн. Засгийн газартайгаа яриад энэ баахан шууд томилгоо хийж байгаа үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг Ковидын хууль 12 сарын 31-нээр дуусахад цэгцлээд, шалгалт шүүлэг авах бол авч хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулаад явахгүй юмуу. Зургаан сараар сунгалаа гэхэд үүрэг гүйцэтгэгчдийнхээ асуудлыг Засгийн газар яаж харж байгаа юм бэ? Ингээд яваад байх юмуу, хуулинд өөрчлөлт оруулах юмуу? Өнөөдрийн сошиал, хэвлэл мэдээллээр хүртэл яваад байгаа ямар ч шалгалт шүүлэггүй томилогдсон гээд байгаа 90 гаруй албан тушаалтан, зураг хөрөгтэйгээ байгааг төрийн албаныхаа хууль тогтоомжид нийцүүлээд цэгцлэхгүй юмуу? Энэ чинь яг манай төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд, нутгийн удирдлагын дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд яригддаг асуудал. Сая орон нутгаар явахад ч ярьж байна. Үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалтнуудаа жинхлэхгүй бол тухайн ажлын байртай холбоотой алдаа дутагдал гарахад үүрэг гүйцэтгэгч, жинхэлсэн хоёрын ялгаа өөр байгаа. Үүнийг яаж харж байна вэ гэдгийг тодруулж асууя. Түүний асуултад ЗГХЭГ-ийн дарга У.Бямбасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эрх мэдэл нь байх ёстой. Засаг даргыг огцруулдаг энэ заалтыг хасах хэрэгтэй. Засаг дарга нарыг ажлын хийлгэ. Иргэдийн сонголт уруу халдаж байна. Иргэдийн сонголтон дээр сонгогдсон ИХТ-ын бүрэн эрхэд халдсан заалт оржээ. Жар хоног хуралдаагүй бол тараана гэж байна. Бидэнтэй адилхан ш дээ. УИХ-ыг хэн нэгэн тараана гэвэл бид яадаг билээ. Газар нутгыг тусгай хамгаалалтад авах гэсэн нэрээр юм нуудаг шүү. Уул уурхайн лицензтэй холбоотой асуудал хэрээс хэтэрсэн. Газар дэлхий уйлдаг бол уйлахаар болсон. Засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллага уруу халддаг байдлаа зогсооё. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хуулиар орон нутгийн удирдлагуудыг хариуцлагатай болгож байгаа.ИТХ-ыг бас хариуцлагатай болгож байна. Дөрвөн жил хуралдаагүй ИТХ байдаг. Лицензтэй холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй.Ашигт малтмалын хуулиар зохицуулагдана.Газрыг тусгай хамгаалалтад орон нутаг авахгүй харин тусгай хэрэгцээнд авч болно. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орон нутгийн тусгай хамгаалалтыг аймгийн засаг дарга хариуцаад ИТХ хуралдаад шийднэ. Хариуцлагын тогтолцоо нэмэгдсэн. Хамгаалалт бас байгаа.Татвар, өмч гээд бүх эрхийн өгсөн. Боломж олгосон. УИХ-ын гишүүн Ц.Туваан нутгийн иргэдэд сонгох эрхийн өгөх ёстой гэсэн байр сууртай байсан юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ хууль чухал хууль. Дэвшил харагдаж байгаа ч бүхлээрээ ухралт болсон. Үзэл баримтлалын хувьд үндсэн асуултандаа хариулт өгөөгүй. Зах зээлийн эдийн засаг Монголын хөдөө хоёр яагаад зохицохгүй байна вэ? Уламжлал, соёл зөрчилдөөд байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мал аж ахуй өссөн хөгжил байхгүй байна. Удирдлагын асуудлыг л яриад байна. Энэ хуулиар улс төрийн бие даасан байдлыг асар ихээр ухралт гаргасан. Хэнийг яаж томилох вэ? гэдэг асуудал дээр илүү анхаарсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Дарга нарт тавьдаг хууль биш. Орон нутагт хөгжиж чадахгүй байгаа эрхийг олгож байна.Төсөв санхүүгийн эрх мэдлийг өгөх ёстой. Өгсөн. Сум дүүрэг хороонд өмч хөрөнгийн эрх мэдэлгүй байсан. Үүнийг өгч байна. Бас боловсон хүчний эрх мэдлийг өгсөн.Иргэдэд боломж олгож байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Байнгын хороон дээр хоригтой холбоотой асуудалд зөв хандаж байна. Хуулийн 65.1.3 Засаг дарга нь орон нутгийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны хүмүүсийн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх дээд шатны хүмүүс сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж тодорхой заасан. Амьдрал дээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэж Засаг дарга нарыг огцруулах боломжгүй. Харин энэ хууль хэрэгжиж эхлэхээр боломжтой болох юм байна.Уул уурхайн асуудал маргаан дагуулдаг.Тухайн орон нутгийн иргэд удирдлагууддаа шаардлага тавьдаг, гэтэл дээд шатны байгууллагаас бас шахалт ирдэг. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчөөс 12 хориг ирсэн. Нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр энэ хууль гарна. Бүх шатны хүмүүсийн санал бодлыг оруулсан. АН завсарлага авч, санал оруулсан. Ер нь хуулийн амин сүнс нь бүх шатны Засаг дарга нарт хариуцлага тооцох асуудал. Тодорхой ёс суртахууны асуудалд орсон бол эргүүлэн татах зүйл орсон. Ард түмэн хариуцлага шаардаж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Манай улсын хувьд Засаг дарга хэвтээ босоо удирдлагын огтлолцол дээр ажлаа явуулдаг. Давхар захирагддаг. Хоёр зээний нэг үйлчлэгч болдог. УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүн энэ хуулийн хоригийг хүлээж авахыг дахин санууллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ бол нэг хүнд зориулсан заалт юм. Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүйн төлөө 2009 оноос хойш арван жил сонгох сонгогдох эрхэнд нь халдаж байгаа. Нэг үе та нарыг удирдаж явсан та нарын хамтран зүтгэгч юм. Оюу-Толгой уул уурхайн баялагийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздүүдэд чирэгдэж, гүтгэгдсэн хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд хуулиараа битгий халдаачээ. Энэ заалтыг эсэргүүцэж би кнопоо дарсан. Үүнийг тайлбарлаж, бодож үзэхийг хүсэж байна. Хэдий болтол Монгол хүний сонгох, сонгогдох эрхэнд хууль бусаар, асар их эрх чөлөөг нь хязгаарлах вэ? Энэ заалтын 26.6 гүтгэж авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад тэгээд сонгох, сонгогдох эрхэнд нь халдаад байгаа явдлыг та нар эргэж бодох хэрэгтэй. Тэртэй тэргүй хэнийг сонгох сонгохгүйгээ ард түмэн өөрсдөө шийддэг. Өмнөөс нь битгий шийдээчээ гэдгийг дахин дахин анхааруулж хэлмээр байна. Энэ заалтыг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлье.