Ж.Алдаржавхлан: Сум, дүүргийн ИХТ болбол ажил хийж болохгүй, цалин, урамшуулал байхгүй. Энэ байдал цаашдаа үргэлжилбэл мөнгөтэй хүн л сум, дүүргийн иргэдийн хуралд сууна!
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болбол нэгт, ажил хийж болохгүй, хоёрт, цалин байхгүй, гуравт, урамшуулал байхгүй. Бүх талаар ажил хийх бололцоогүй болчхож байгаа. Хэрвээ энэ байдал цаашдаа үргэлжлэх юм бол зөвхөн мөнгөтэй хүн л сум, дүүргийн иргэдийн хуралд гарч сууна. Жирийн төрийн албан хаагч буюу жирийн багш, эмч, салбараа төлөөлж хуралд суух ямар ч бололцоогүй болох юм байна лээ. Ажил хийж болохгүй, цалин байхгүй, урамшуулал байхгүй гэх мэт бүх юмыг хорьчихож байгаа. Тийм учраас бид нар сумд, ялангуяа сум, дүүрэгт энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний улсууд нь төрийн алба хаших нь зүйтэй байна гэж үзсэн юм. Энэ бол амьдралаас гарч ирсэн шалгуур. Ялангуяа сум орон нутагт үнэхээрийн хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхгүй бол дэвших хүн олдохоо байсан. Ядаж хуучин байснаар нь тодорхой хувийг нь төрийн алба хаших нь зүйтэй гэж үзэж байгаа. Цаашдаа нийслэл дүүргийн иргэдийн хурлыг нэгтгэж, сум аймгийн иргэдийн хурлыг доороос нь сонгодог болох хэрэгтэй. Доошоо сум руу өрсөлдөх хүн байхгүй больчхоод байна. Учир нь дээрээ нэг хуралтай. Энэ бол Үндсэн хуулийн ямар ч заалтаар харшлахгүй юм байна лээ. Үүнийг бид санаачилгаар ярилцаж байгаа.