Мэргэн.Ч 2017.03.16 | Сайт: Vip76.mn

Н.Баттулга: Монголдоо дэлхийн хамгийн шилдэг төслийн удирдлагыг нэвтрүүлэхийг зорьж байна

Н.Баттулга: Монголдоо дэлхийн хамгийн шилдэг төслийн удирдлагыг нэвтрүүлэхийг зорьж байна
Монголын Бизнесийн Зөвлөлийн шинэ гишүүн: "PMI Mongolia Chapter"-ийн Ерөнхийлөгч Н.Баттулга

Монголын Бизнесийн Зөвлөл бол гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага. Зөвлөлийн гишүүдэд гадаад, дотоодын компаниуд, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, гарааны бизнес эрхлэгчид багтаж байна. Одоогоор 200 гаруй бизнесийн байгууллагыг эгнээндээ нэгдсэн.

Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг Засгийн газарт хүргэж, гишүүд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан, тэднийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангаж, сургалт, семинар зохион байгуулан, Олон улсын чуулга уулзалтуудад гишүүдээ оролцуулдаг. 

Тус зөвлөлийн байнгын бөгөөд нэгэн чухал арга хэмжээ нь сарын хурал байдаг. Сарын хурал бүртээ зөвлөлдөө шинээр элссэн гишүүдээ танилцуулж, батламж олгодог. Тухайн компани зөвлөлийн бусад гишүүнд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, хамтын ажиллагаатай байхыг уриалдаг бөгөөд зөвлөлийн гишүүд шинэ гишүүнээ тун халуун дотноор өлгийдөн авдаг. Тэгвэл гуравдугаар сарын 13-нд болсон сарын хурлын үеэр зургаан шинэ гишүүнийг танилцуулж, батламж гардууллаа.

Шинэ гишүүд:

- Олон улсын тээвэр зуучлал, логистикийн салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Азийн зам ХХК

- Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийн жуулчдыг Монголд татах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Discover Mongolia” бүс нутгийн аялал жуулчлалын эксперт

- Бээжин, Брюссель, Чикаго, Лондон, Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон хотуудад төвтэй, 500 хуульч, мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн, бизнесийн томоохон хэлцэл, Засгийн газар, түүний харьяа агентлагуудтай хамтран ажилласан туршлагатай, арбитрын цогц үйлчилгээ үзүүлэгч “Steptoe&Jonhson” хуулийн фирм

- Дэлхийн 90 гаруй оронд 2000 гаруй агент сүлжээтэй, тээврийн бүх төрлийн хэрэгсэл ашиглан логистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч, тус салбарт 20 жилийн туршлагатай Ландбридж ХХК

- 48 жилийн туршлагатай, портфолио менежмент, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, ашгийн бус, гишүүнчлэлтэй ТББ болох “PMI”-ийн Монгол дахь салбар

- Жиу жицу бөхийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, амжилтыг дээшлүүлэх зорилгоор 1997 онд байгуулагдсан Монголын Жиу-жицугийн холбоо 

Шинэ гишүүдийн нэг болох "PMI Mongolia Chapter"-ийн Ерөнхийлөгч Н.Баттулгатай хэдэн хором ярилцсанаа хүргэж байна.

Монголын Бизнесийн зөвлөлд яагаад элсэх болов?

Манай байгууллага бол Монгол дахь төслийн удирдлагын институти. Ашгийн төлөө бус. Төслийн удирдлагын мэргэшсэн зэрэглэл тогтоодог албан ёсны эрхтэй байгууллага.

Төслийн менежмент гэдэг өөрөө бизнесийн маш том салбар. Аль ч улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь сайн төсөл хэрэгжүүлэх, түүнийг удирдах явдал байдаг. Ялангуяа хөгжиж буй орнуудад төслийн удирдлага маш чухал байдаг.

Монгол Улсад маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тиймээс эдгээр төслийг олон улсад шалгарсан арга аргачлалаар хэрэгжүүлэхэд манай байгууллага тус дөхөм болох зорилготой.

Энэ агуулгаараа бизнесийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж чадсан Монголын Бизнесийн Зөвлөлд гишүүнээр элсэж, өөрсдийн үйл ажиллагаагаа уг зөвлөлөөр дамжуулан олон нийтэд хүргэх, зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор элсэж байна.

Төслийн удирдлагын институти нь /PMI/ 50 жилийн туршлагатай байгууллага юм. Тус байгууллагын Монгол дахь салбар 2013 онд байгуулагдсан нь цаг үеийн шаардлага байсан гэж үзэж болох уу?

1990 оноос хойш Монголд төслийн менежмент шат дараатай хөгжсөөр ирсэн. Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй том төслөөс нэрлэ гэвэл Оюу толгой, Тавантолгой болон дэд бүтцийн олон төслийг жишээ татаж болох юм.

Эдгээр төсөл, хөтөлбөрийг олон улсын стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлж чадаж байна уу, чадавхитай боловсон хүчин бий эсэх гээд тулгамдсан асуудал бишгүй бий.

Тиймээс өсөн нэмэгдэж буй төслийн менежментийн хэрэгцээ шаардлагад үндэслэн, PMI-ийг төгсөж, мэргэжлийн сертификаттай гишүүдийн санаачилгаар энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. 2014 онд төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбараар албан ёсоор бүртгүүлсэн юм.

Хүмүүс бээлий үйлдвэрлэхээр ч төсөл бичиж болно. Таны хэлдгээр уул уурхайн хайгуул, олборлолт явуулахдаа хүртэл төсөл хэрэгжүүлдэг. Тэгэхээр манай байгууллагын хувьд төсөл л хэрэгжүүлэх гэж байгаа бол том, жижиг гэлтгүй мэргэжил, арга зүйгээр хангадаг уу?

Төсөл гэдэг бол тодорхой хугацаанд хэрэгжих, тодорхой нөөц, боломжид тулгуурласан, тодорхой төсөвт багтааж хийдэг үйл ажиллагаа. Хэмжээний хувьд том, жижиг байхаас гадна салбар салбарт харилцан адилгүй төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь олон улсад шалгарсан, амьдрал дээр туршигдсан стандарт, арга ажиллагааг л ашиглах хэрэгтэй.

Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж төсөл амжилтгүй болох нь бий. Эдгээр хүчин зүйлийн дотор төслийн талаар мэдлэг, арга аргачлалыг сайн эзэмшээгүйгээс болж, амжилтгүй болох тохиолдол байдаг. Тиймээс л төслийн амжилтын хувийг дээшлүүлэхийн төлөө бид ажиллаж байна.

Аливаа төсөл сайн хэрэгжсэнээр тухайн компанийн ашиг, орлого, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдээд зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлж байдаг. Манай байгууллагын томоохон давуу тал гэвэл төслийн мэргэжилтний шалгалтыг Монголдоо зохион байгуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат олгодог. 

Энэ сертификатыг авсан хүн дэлхийн аль ч улсад төслийн менежментийн чиглэлээр ажиллах эрхтэй болдог. Төслийн удирдлагын институти нь дэлхийн 200 гаруй оронд салбартай, 300 гаруй төслийн хороотой. Тиймээс манай институтид суралцаж төгссөнөөр хувь хүний карьер дээшилж, олон боломж нээж өгдөг.  

Байгууллагынхаа алсын хараа, стратегийг юу гэж тодорхойлох бол?

Монголдоо дэлхийн хамгийн шилдэг төслийн удирдлагыг нэвтрүүлж, үүгээрээ дамжуулан улс эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах юм.

Манай байгууллага зөвхөн хувь хүнд чиглэсэн сургалт явуулж, төслийн мэргэжилтнийг бэлтгэхээс гадна Засгийн газрын яамд, түүний харьяа агентлагуудад төслийн стандарт, арга аргачлалыг нэвтрүүлэхээр зорьж байна.

Өнгөрсөн жилүүдэд бид томоохон төсөл, хөтөлбөрүүдэд өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлж байсан бол энэ жилээс бүхий л салбар, компаниудтай хамтран ажиллах болно. Манай байгууллага уулзалт, хурал, сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn