Д.Тэрбишдагва:Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийг хэрэгжүүлнэ гээд байгаа шүү дээ?
-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн боловч үүнийгээ яриад байх шаардлагагүй. Хямралаас гарах арга замаа бид бодох хэрэгтэй. Эдийн засаг ийм хүнд байгаа үед олон улсын дэмжлэг, тусламж бидэнд тодорхой хэмжээнд шаардлагатай. Гэхдээ бид үргэлж гаднаас зээл тусламж, дэмжлэг аваад байх ёстой юу.
-Та юу гэж бодож байна?
-Тийм биш. Гадны дэмжлэг, тусламж шаардлагатай байгаа хэдий ч өөрсдөө бид энэ хүндрэлээс яаж гарах вэ гэдгээ бодох ёстой. Тиймээс ажилсаг монгол, хөдөлмөрч монгол, ажил хэрэгч Монголыг бий болгох шаардлагатай юм. Өнөөдөр бид зээл тусламж авна л гэж ярьж байна. Авсан зээл тусламжаа бид үр ашигтай зарцуулж чаддаг бил үү гэдэг дээрээ анхаарах ёстой. Зээл тусламж авлаа гэхэд үр ашигтай зарцуулж чаддаг тийм хүмүүсээ бэлдэж шаардлагатай.
Сүүлийн хэдэн жил манай улс нийгмийн халамжийн чиглэлд түлхүү анхаарч, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж чадсангүй. Сая ХБНГУ-д айлчлахдаа нэг жижиг хотоор очлоо. Тэр хотын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний салбарын 80 хувийг 10-аас доош ажилтантай үйлдвэрлэлүүд
бий болгодог гэж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа биз. 5-10 хүнтэй аж ахуйн нэгжүүд орчин үеийн инновацийг ашиглан үйл ажиллагаа явуулж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харлаа.
Манайхан болохоор томоохон уул уурхайн төслүүдийг л ярьдаг. Жижиг дунд үйлдвэрлэлүүд ч гэсэн маш чухал байхгүй юу. Манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэнд ажилладаг хүмүүсийн тоо 3-4 хувийг эзэлдэг. Тэгэхээр олон хүнийг ажлын байртай болгох уу эсвэл цөөн хүн ажиллуулж тэр үйлдвэрлэлээсээ хишиг хүртэх юм уу гэдгийг бодох ёстой.
-Таныхаар яах ёстой гэж. Ер нь бол нийтээрээ ажилтай байж л өрхийн орлого нэмэгдэх байх л даа?
-Миний хувьд инновацид тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварын нэмэгдүүлнэ гэж байсан. Хэрэв татвар нэмэгдчихвэл таны яриад байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд дарамт болох уу?
-Татварыг нэмэх үү, үгүй юу гэдгийг бид эргээд ярьж болно. Зах зээлийн нийгэмд татвар төлөх нь хүн бүрийн үүрэг байхгүй юу. Тиймээс татвараас бүх зүйлийг чөлөөлж, нийгмийн халамжийг өргөн хүрээнд хамруулдгаас болж бид орлого олдоггүй улс болж хувираад байна. Тэр утгаараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж олон хүнийг ажлын байртай болгож байгаа аж ахуйн нэгж бүрийг дэмжих ёстой. Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв юм. Тэгэхгүйгээр заавал гадныхны шахалтаар татвар нэмж болохгүй лдээ.
Нэмэхийг бид нэмье, хасахыгаа ч бас хасъя гэдэг шийдвэрээ Засгийн газар өөрөө гаргах ёстой байхгүй юу. Үнэхээр татвар нэмэх гээд байгаа бол ард түмэн ойлгоно шүү дээ. Тухайлбал, алтны татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй. Заавал гадны хүмүүсээр шаардуулж байж нэмэх ямэр шаардлагатай юм бэ. Хүний гараар могой бариулна гэд.:г шиг гадаадынхан тэгж байна гэх юм бол энэ нь учир дутагдалтай. Гадны дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Хүмүүс нь шахаад байгаа мэт ойлгуулж болохгүй.
-2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед татвар нэмнэ гээд Засгийн газар оруулж иртэл танай намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад дэмжээгүй биз дээ. Ийм нөхцөлд Засгийн газар яаж ажиллах ёстой гэж?
-Бүлгийн гишүүдийн байр суурь янз бүр л байсан байх. Бүлэг болон УИХ дээр би архи, тамхины татварыг тодорхой хэмжээгээр нэмэх ёстой гэж хэлж байсан. Засгийн газар Их хуралд асуудал оруулж ирсэн бол түүнийгээ хамгаалах ёстой. Түүнээс асуудал оруулчихаад та нар шийд гээд хаячихаж болохгүй. Хэрэв ингэх юм бол асуудал оруулах ч шаардлагагүй. Асуудал оруулна гэдэг чинь бодож боловсруулж, төлөвлөж, судалгаа тооцоон дээр суурилж оруулж ирснээ хамгаалах явдал юм.
-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан ч чуулган зарлагдсангүй. Уг нь төсвийн тодотголоо батлаад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулах ёстой юм билээ?
-Өчигдөр Германаас ирсэн болохоор мэдээлэл авч амжаагүй байнаа. Миний хувьд ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ л гэж ойлгож байсан. Гайхаад л сууж байна даа. Уг нь ээлжит бус чуулган зарлана шүү, бэлэн байгаарай гэж хэлсэн л дээ. Судалж үзсэнийхээ дараа ярьсан нь дээр байх.
-Эдийн засгийг тэтгэчих ямар салбарууд харагдаж байна вэ?
-Эдийн засгийн эерэг нөлөөлөл харагдаж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсч байна. Малын гаралтай түүхий эд тэр тундаа ноос, ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа гээд яривал болж байна л даа.
Бид түүхий эдээс хамааралтай улс болж болмооргүй байгаа юм. Түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь өсөөд уруудахаар дагаад урууддаг байж болохгүй. Олон орны туршлагыг судалж үзэхэд эдийн засгийн хөдөлгүүр нь алт, ноолуур, нүүрс, мал аж ахуй биш юм билээ. Харин гол цөм нь хүн. Хүнээ хөгжүүлсэн газар баялаггүй байсан ч хөгждөг. Түүхий эдийн үнэ өсөөд эдийн засагт өөрчлөлт гарч болох ч хүнээ хөгжүүлээгүй бол буцаад л урууддаг. Хүн бүр ажилтай байх энэ чиглэл рүүгээ л хандах ёстой. Ингэж улс хөгжинө.
-2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувь гэж гаргасан ч ОУВС -0.2 хувь гэсэн байх юм. Яагаад ийм зөрүү гарчихав аа?
-Эдийн засгийн өсөлтийг өндөр гаргах боломж бий. Үүний өмнө хийх ажлууд ч их байна. Бид гадны зээл, тусламжаар хөгжинө гээд бадар бариад явах юм бол улс орон хөгжихгүй. Авсан зээлээ үр дүнтэй ашиглах л чухал. Монгол хүн л өөрийгөө хөгжүүлэхгүй бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Өнөөдөр түр зуур амь аргацааж хэдэн төгрөг авч байвал болоо гэдгээр асуудалд хандаж болохгүй. Хэдэн жилийн дараа Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ гэхэд ажлын байр, үйлдвэрийн эзэд олноороо бий болчихсон, өндөр мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байх ёстой.
-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай”бондоор сольж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр хувилбар байхгүй гэх юм билээ?
-Бондын эргэн төлөлтийг хийхгүй бол Монгол Улсын нэр хүнд олон улсад улам л унах эрсдэлтэй. Тиймээс ямар ч байсан эхний удаа төлж байгаа нь зөв. Бидэнд хүүгийн дарамт үнэхээр дарамт болж байгаа. Бага хүүтэй бонд авах ёстой л доо. Бага хүүтэй бондоо өндөр хүүтэй бондоор сольж байгаа нь харамсалтай. Өмнөх бондын мөнгөнүүдийг үр ашигтай зүйлд зарцуулсан бол өөрөө өөрийгөө эргэн төлөөд явах учиртай юм. Гэсэн ч тэгж чадаагүй, бид.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм чинь гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх гэсэн найдлага бий. Та ямар бодолтой яваа бол?
-Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Ингэхийн тулд төр засаг нь тогтвортой, хоорондоо зөрчил багатай, хэлсэндээ хүрдэг байвал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдыг бэлдэх хэрэгтэй.
Гадны хөрөнгө оруулагчид ороод ирлээ гэхэд мэргэжилтэй ажилтан манайд хэд байгаа билээ. Хөрөнгө оруулагчдын хэмжээнд сэтгэдэг, хамтран ажиллагч хэд байгаа юм. Тиймээс бид хүнээ л бэлдэх шаардлагатай. Гадны хөрөнгө оруулагчид чухал, дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих нь түүнээс ч илүү чухал.
-Таныг зарим гишүүдийн хамт ХБНГУ-д айлчлал хийгээд ирсэн гэж дууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн асуудал хөндөгдсөн байх гэж бодсон юм л даа...
-ХБНГУ-ын Бундестагийн урилгаар бид айлчлаад ирлээ. Хоёр жил тутам хоёр орны парламентын бүлэг бие биенээ харилцан урьдаг юм.
Тэр хүрээнд яваад ирлээ. Ноднин Германы талаас манайд айлчилсан бол энэ удаа бид айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, Д.Гантулга гэсэн бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Германы тал маш өндөр хэмжээнд хүлээж авсан. Монголын парламент, Германы Бундестагийн хоорондын харилцааны талаар болон хийсэн ажил, хийгдэх зүйлсийн тухай ярилцлаа.
Хоёр орны парламентын бүлгийн ажлууд идэвхтэй явж ирсэн юм. Тэднээс туршлага судлахаар зүйлс ч бий. Германы парламентын бүлгийн дэд даргатай уулзаж санал солилцсон. Мөн Бундестаг дээр биднийг урьж танилцуулан, Ангела Меркель баяр хүргэсэн гээд уулзалт өргөн хүрээнд өрнөсөн.
Германы талаас Афганистанд алба хааж байгаа цэргүүдэд сэтгэл хангалуун байгааг уулзсан хүн бүр хэлж байсан. Манай батлан хамгаалахынхан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гэдгийг онцолж байлаа. Миний хувьд гадаад бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцсан. Эдийн засгийн хямралтай үед Монгол Улс гадаад дотоодын зээл тусламж авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн эдийн засгийн хямралыг даван туулахад хэрхэн хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн. Мөн Германд боловсон хүчин бэлдэх талаар яриа өрнөсөн юм.
Ялангуяа Германд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх тал дээр жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, их, дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл үйлдвэрийн эздийг бэлдэх ёстой юм. Германд бол нэгдүгээрт мэргэжилтэй ажилтан бэлдэх, хоёрдугаарт гар урчууд, мастерууд буюу жинхэнэ үйлдвэрийн эздийг бэлддэг, гуравдугаарт ажил дээр сургаж авч онолын мэдлэг олгодог системтэй юм билээ. Энэ тал дээрээ манай улстай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавихад нааштай хүлээж авсан. Миний айлчлалаас яаран ирэх болсон шалтгаан нь ирэх пүрэв гаригт Төрийн ордонд Германд сургууль төгсөгч 1000 хүний чуулга уулзалтыг хийх ёстой юм.
-Германд ер нь хэчнээн хүн сургууль төгссөн байдаг вэ?
-30 гаруй мянган хүн сургууль төгссөн байдаг. Тэднээс 1000 хүний төлөөлөл оролцсон чуулга уулзалт болох юм л даа. Чуулга уулзалтын үеэр Германы парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йохан Фухтел 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчилна. Айлчлалынхаа үеэр чуулга уулзалтад орол цож үг хэлэхээр болсон. Айлчлалын 30 гаруй хүний бүрэлдэхүүнд улстөрч, бизнесийн салбарынхан ирнэ.
-Германд боловсрол эзэмшсэн 30 гаруй мянган хүн байдаг юм бол хэр үр бүтээлтэй ажилладаг юм бэ?
-Тэнд сургууль төгссөн хүмүүс өөр өөрийнхөө хэмжээнд маш сайн ажиллаж байгаа нь судалгаанаас харагддаг. Ялангуяа эрдэм шинжилгээний тал дээр хэнийг ч дагуулахааргүй болж. Өөрөө өөрийгөө аваад явж байгаа нь сайн хэдий ч баг болж улс орныхоо төлөө ажиллах боломжийг энэ чуулга уулзалтаар олгох юм. Улс орныхоо хөгжлийг Герман маягийн сахилга бат хариуцлагатай болгохын тулд “Ажилсаг Монгол-Хөгжлийн тулгуур” нэрийн дор энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
-Германчууд Монгол Улсын аль салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг вэ?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсны дараа хамгийн их тусламж үзүүлсэн орон Япон. Харин Герман түүний араас хоёрдугаарт бичигддэг юм. Германчууд манай улсад үнэнийг хэлэхэд болгоомжтой ханддаг. Учир нь төр засаг нь өөрчлөгдөж тохирсон ажил буцах эрсдэлтэй гэж болгоомжилдог. Германы ноу хау дэлхийд номер нэг. Манай улсад байгалийн гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нь байна уу, байна. Хоёр том зах зээл байна уу, байна.
Тиймээс манай оронд хөрөнгө оруулаад Герман стандартын бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллаач ээ гээд хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд ярилцаж байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцөл гайгүй болчихвол тэд найдвартай хөрөнгө оруулагч мөн үү гэвэл мөн.
Э.ЭНХБОЛД