Энхболд.М 2017.03.24 | Телевиз: UBS

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны 5 сард ашиглалтад орно

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны 5 сард ашиглалтад орно.

Нисэх буудал барих ажил 2013 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100 хувь япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилт байгууламж болжээ. 

Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор зургаан гарц баригдсан ч цаашид 20 хүртэл өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас зургаан онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ.

Хоёр сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариул солих, хазгай наасан ханын хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн, одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусвал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн танилцуулгыг төслийн нэгжийн захирал Б.Энхбат хийсэн юм.