Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.10.21

Д.Тэрбишдагва: Онгоц 12:45-д ослын буулт хийсэн

Нийслэлийн Багануур дүүргийн ойролцоо МИ-8 нисдэг тэрэг осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.  

Багануур дүүрэгт онгоц осолдсон мэдээ байна. Улсын онцгой комиссын даргын хувьд үүнд тайлбар өгөөч?

Төв аймгийн Мөнгөн морьт сумын өндөр эрэг хэмээх газарт А-JET авиа компанийн МИ-8 нисдэг тэрэг 12:45 цагт ослын буулт хийсэн. Тэрхүү нисдэг тэрэг эндээс 11:45 цагт ниссэн.

Нисэх багийн бүрэлдэхүүнд 3 хүн, зорчигч 7 хүн явсан гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй нислэг үйлдсэн байгаа юм. Ослын буултаас үүдээд хүмүүс гэмтэж бэртээгүй, онгоцонд нь тодорхой хэмжээний эвдрэл гарсан мэдээтэй байна.

Аврах баг явсан уу?

Нисэх багийн бүрэлдэхүүн нисдэг тэргээ өөрсдөө засварлаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас ямар нэгэн тусламж дэмжлэг авах шаардлагагүй гэж  ИНЕГ-аас мэдэгдсэн. Онгоц юунаас болж ослын буулт хийсэн, ямар хүмүүс онгоц хөлөглөж явсан зэргийг тодруулахаар буулт хийсэн газар дээр ИНЕГ-ын шалгалтын бүлэг одоо ажиллаж байгаа.

Ослын буулт хийсэн МИ-8 нисдэг тэрэг хувийнх юм уу?

Хувийн журмаар авч явж байсан юм шиг байгаа юм. Ямар хүмүүс авч яваад, яагаад ослын буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Хугацаа нь дууссан онгоц байсан гэж сонссон?

Тэр одоогоор тодорхойгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газар энэ талаар сайн мэдэж байгаа.