Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо /2013.04.23/ хамтран хуралдлаа.
2013.04.24

Шинэ нисэх буудал барих асуудал нэг алхам ойртлоо

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо /2013.04.23/ хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцлөө. Японы “Мицүбиши Чиёода” компанийн хамтарсан түншлэл нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд 47 тэрбум иенийн өртгөөр барих тооцоог гаргажээ.

Японы Засгийн газраас авах зээлийн жилийн хүү 0.02 хувь бөгөөд 40 жилийн хугацаатай юм байна.

Анх энэхүү төслийг 29.9 тэрбум иенээр барих тооцож байсан бөгөөд одоо шинэ нисэх буудлыг барихад 17.1 тэрбум иенийг нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Японы Засгийн газраас авах зээлийн жилийн хүү 0.02 хувь бөгөөд 40 жилийн хугацаатай юм байна. Зээлийн нөхцөл, хүүгийн хувьд тун таатай нөхцөл гэж гишүүд хэлж байсан ч нисэх буудлыг барих өртөг ийнхүү нэмэгдсэн нь ямар учиртай болохыг Зам тээврийн сайд А.Гансүхээс тодруулж байлаа.

Сайдын хариулснаар шинэ нисэх буудлыг барих ТЭЗҮ анх 2006 онд гарч байсан бөгөөд түүнээс хойшхи хугацаанд гадаад, дотоодын инфляцийн өөрчлөлт өртөг нэмэгдэхэд нөлөөлсөн аж. Түүнчлэн Зөвлөх компани тухайн үед даатгалуудын хураамжийг тооцож оруулаагүй, туслан гүйцэтгэгчийн төлөх НӨАТ-ыг тооцоонд оруулаагүй байсан нь ч нөлөөлжээ. Нисэх буудлыг барих бараа, үйлчилгээний 30-аас доошгүй хувийг Японоос нийлүүлэхээр гэрээнд тусгасан нь ч өртөг нэмэгдэхэд зохих хувиар нөлөөлсөн юм байна.

Японы “Мицүбиши Чиёода” компанийн хамтарсан түншлэл нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд 47 тэрбум иенийн өртгөөр барих тооцоог гаргажээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюутолгойд саяхан барьж ашиглалтад оруулсан нисэх буудлын зурвас 3600 метр, шинэ барих буудлынх түүнээс 350 метрээр илүү юм байна лээ. Зурвасын өргөн 45 метр буюу шинэ барих буудлынхтай адил байна. Гэтэл энэ буудлыг 84 тэрбум төгрөгөөр л барьсан гээд үнийн зөрүү 10 дахин өөр байгаагийн учрыг магадласан.

Хөшигийн хөндийг барих шинэ буудлын онгоцны зогсоол, явах замын талбай Оюутолгойд баригдсан буудлаас 4 дахин том, 22 онгоц зогсох зогсоолтой гэсэн хариултыг Зам, тээврийн сайд өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, шинэ нисэх буудал барина гэж 10 жил ярилаа. Ингэж удаан саатсаны шалтгаан юу вэ. Одоо ажил нь эхэлж баригдах нь гэж ойлгож болох уу гэж асууж байлаа.

А.Гансүх сайдын мэдээлснээр, нисэх буудлын барилгыг барих тендер хоёр удаа зарлагдаад цуцлагдсанаас болоод хугацаа алдсан. Зураг төслийг хийх явцад онгоцны буудлын хэмжээг томсгох, багасгах эсэх асуудлаас болоод хугацаа алдсан тал бий хэмээн хариулсан.