2013.02.05

“МИАТ” компанид үндэсний агаарын тээвэрлэгч статустай болно

МИАТ-ын хувьчлал "дэггүй" удирдлагуудаасаа болж дахин сөхөгдсөн билээ. Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр  “МИАТ” компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох гэсэн заалтыг тогтоолын төсөлд оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганбат даргалж явууллаа.
Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарлахдаа: "Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжид улс бүр үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх талаар тусгасан байдаг юм байна". Үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс улс орнуудад төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчээ урт хугацаагаар дэмжин ажиллуулж, өөрийн орны төрийн далбааг нааж ашиглах зөвшөөрөл олгох тухай ч зөвлөмжид дурдсан байдаг аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн.