Хөшигийн хөндий: 2006 оноос эхэлсэн яриа хэлэлцээ 10 жилийн дараа...
2017.01.09

Хөшигийн хөндий: 2006 оноос эхэлсэн яриа хэлэлцээ 10 жилийн дараа...

Одоогийн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлыг анх 1956 онд ЗХУ-ын (одоогийн ОХУ) тусламжаар барьж байжээ. Үүнээс хойш 1994-1997 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг удаа өргөтгөөд байна.

Уг буудалд олон улсын мэргэжилтэн, шинжээчдийн хийсэн дүгнэлтээс үзвэл, нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас нь 2,5 хэмийн налуутай, зурвасын урд талаас өндөр уулын саадтай тул зөвхөн нэг талаас хөөрөлт, буулт хийх боломжтой гэжээ. Өвлийн улиралд үзэгдэх орчин муудаж, нислэгт саад учирдаг байна.

Мөн зорчигч үйлчилгээний барилга нь багтаамж багатай зэрэг нислэгийн аюулгүй байдал, ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой олон хүндрэл тулгарч ирсэн учраас энэ бүхнийг цогцоор шийдэх гарц бол Олон улсын нисэх онгоцны шинэ буудал гэж Засгийн газар үзжээ.

Шинэ нисэх онгоцны буудал байгуулах тухай яриа хэлэлцээ 2006 оноос эхтэй. Тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд Япон улсад айлчлал хийхдээ нисэх онгоцны буудал барих ажилд хөрөнгө оруулахыг хүсчээ. Түүнээс хойш 7 жилийн дараа буюу 2013 онд барилгын ажил албан ёсоор эхэлжээ.

Нисэх онгоцны буудал байгуулах боломжтой газруудыг судалсны үндсэн дээр Төв аймгийн Хөшигийн хөндийг сонгосон байна. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн суманд орших Хөшигийн хөндий нь хоёр талаасаа онгоц хөөрч, буудаг байх салхины болон геологийн тогтоцтой.

Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор салбарын хөгжилд огцом дэвшил гарч, улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж төслийн багийнхан үзэж байна. Мөн дагуул хот бий болж, олон улсын зорчигч, ачаа тээврийн ложистик төв, эдийн засгийн шинэ чөлөөт бүс байгуулах боломж бүрдэх юм.

Жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартаар тоноглогдсон, 30 орчим барилгаас бүрдэх шинэ нисэх онгоцны буудал барих ажил дуусах шатандаа ороод байна.

2017 оны 1 дүгээр сарын 3-наас 10-ныг дуустал барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад авах улсын комисс газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд нислэгт ашиглах хараахан болоогүй гэж төслийн багийнхан хэллээ.

2006 ОН:

2006 оны 3 дугаар сард Ерөнхий сайд М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх албан ёсны хүсэлтийг анх удаа Япон улсын талд тавьсан байна. Энэ үед техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, нэгдсэн тайланг гаргасан байв.

2007 он:

2007 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлыг дахин хөндсөн.

2008 он:

2008 оны 5 дугаар сарын 1-нд зээлийн хэлэлцээр байгуулж, 5 дугаар сарын 29-нд олон улсын гэрээг УИХ-аар соёрхон баталсан юм.

Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газраас 40 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, STEP нөхцөлтэй, 28,8 тэрбум иенийн зээл авав.  

2009 он:

2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилов. Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын барилгын зураг төсөл боловсруулж, баталгаажуулсан.

2012 он:

Төслийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарласан. Тодруулбал, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр тендер зарлаж, Японы Мицүбиши Чиёода түншлэл шалгарсан байна.

2013 он:

2013 оны 5 дугаар сарын 10-нд Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Мицүбиши Чиёода түншлэл хооронд төслийн “Барилгын ажлын гэрээ” байгуулав. Мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажил албан ёсоор эхэллээ.

4 сар өнгөрөхөд 2,8 сая ам.метр талбайд хөрс хуулалт хийсэн байв. Мөн онгоц хөөрч, буух зурвасын далангийн газар, шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн байв.

2015 он:

2015 оны 4 дүгээр сард төслийг санхүүжүүлэх зорилгоор 36,8 тэрбум иенийн нэмэлт зээлийн гэрээ байгуулав.

40 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, STEP нөхцөлтэй уг олон улсын гэрээг мөн оны 6 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна. Мөн “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн орон тоог нэмж, 2015 оны 12 дугаар сарын байдлаар 27 байнгын орон тооны ажилтантай ажиллаж байна.

Нэмэлт зээлийг дараах ажилд зарцуулсан байна. Үүнд:

- Бүтээн байгуулалтын ажилд: 32,6 тэрбум иен

-Зөвлөх үйлчилгээнд: 1,5 тэрбум иен

- Магадлашгүй ажлын зардалд: 2,6 тэрбум иен

- Барилгын ажлын үеийн хүү: 0,1 тэрбум иен  

* STEP нөхцөл гэдэг Япон Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор мөрдөгддөг нөхцөл бөгөөд төслийн зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компани нь Япон Улсын аж ахуйн нэгж байх, мөн нийт гэрээний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг Япон Улсын зах зээлээс хийх ёстой байдаг.

2016 он:

Шинэ нисэх онгоцны буудал 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орно гэж төслийн багийнхан хэлж байв. Хамгийн сүүлд буюу 2015 оны 9 дүгээр сарын 19-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлын явцтай танилцжээ. 

Төслийн ажлыг Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны нийт 80 гаруй инженер, техникийн ажилтнуудын удирдлага дор 700 орчим ажилчин гүйцэтгэж байна. 

2017 он:

Энэ сарын 3-наас 10-ны хооронд буюу ажлын 5 хоног зээлийн хөрөнгөөр барьсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс тус нисэх онгоцны буудалд ажиллаж байна. 57 хүний бүрэлдэхүүнтэй уг комисс санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Олон улсын нисэх онгоцны буудлын нэг чухал зүйл нь аюулгүй байдал юм. Тэгвэл Хөшигийн хөндийд барьж буй уг буудлын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахуйц дэвшилтэт технологи, сайтар боловсруулсан бүтэц, зохион байгуулалтыг шийдэж өгчээ.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг гадаад, дотоодын авиакомпаниуд Монголын нутаг дэвсгэр дэх гол ба холбоос баазаа болгон төлөвлөн ажиллаж байна.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хүрээнд барьсан барилга байгууламжууд

1. Зорчигч үйлчилгээний барилга: 37 000 кв.м

2. Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг: 1086 кв.м

3. Гал унтраах, авран хамгаалах албаны барилга: 1201 кв.м

4. Дулаан зуухны барилга: 4038 кв.м

5. Усан хангамжийн барилга: 756 кв.м

6. Цэвэрлэх байгууламжийн барилга: 2562 кв.м

7. Цахилгааны үндсэн дэд өртөөний барилга: 756,69 кв.м

8. Хяналтын цамхагийн цахилгааны дэд өртөө: 288 кв.м

9. Глиссадын радио маякийн дэд өртөө: 140 кв.м

10. Курсын радио маякийн дэд өртөө: 140 кв.м

-Хэт богино долгионы радио нэвтрүүлэх төвийн дэд өртөө: 112 кв.м

-Глиссадын радио маякийн байр: 11 кв.м

-Курсын радио маякийн байр: 11 кв.м

-Гүний худгийн насосны байгууламж: 3х16 кв.м

-ЗҮБ-генераторын байр: 89 кв.м

-Өргөлтийн насосны байгууламж: 41 кв.м

11. Ачаа, шуудан тээврийн үйчлилгээний барилга: 4306.23 кв.м

12. Захиргааны барилга: 1872 кв.м

13. Аэродром үйлчилгээний барилга: 4354 кв.м

14. Онгоц хөөрч, буух зурвас: 3600х45 кв.м

15. Онгоц явгалах зам: 120 764 кв.м

16. Зогсоол талбай /перрон/: 105 955 кв.м