Баттөмөр.Б 2017.05.26 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Валютын ханш буурах уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэд хэдэн зүйлийг тодруулж асуулаа.

Б.БАТТӨМӨР: ГАЗРЫН ДООР БАЙГАА БАЯЛАГ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ

2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг сайжруулах шаардлага байгаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг жижгээр, гутруу хэлбэрээр харж болохгүй. Төсвийн орлого нь 6,8 их наяд төгрөг байна гэж байна. Гэтэл энэ Монгол Улсын наад захын хэрэгцээний 50 хувийг ч хангаж чадахгүй. Боломжууд бол байна. Тухайлбал, хувьд очсон зарим уул уурхайн компаниудын үр ашгийг ярих ёстой. Газрын доор байгаа баялаг бол монголын ард түмний өмч.

Макро эдийн засгийн бодлогын хувьд хангалтгүй.

Жил болгоны макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн хөгжлийг дэмжих салбарын үндсэн чиглэлийн биелэлтийг авч үзэхээр тавиад хувьтай л гардаг. Энэ нь манай бодлого болохгүй байгааг л харуулж байна.

Ажил эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хөгжил гээд ярихаар ажил эрхлэлттэй холбоотой асуудал гарч ирдэг.

Орон нутгийг хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг багасгах чиглэлээр тодорхой бодлого алга байна.

Өнөөдрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх энэ үндсэн чиглэл ОУВС-тай тохирсон 1,8 хувийн өсөлт, 9,5 хувийн төсвийн алдагдалтайгаа уялдуулж хийгдсэн юм уу? Эсвэл 1-р улирлын байдлаар 4,2 хувиар өссөнтэй уялдуулсан юм уу?

Өнөөдрийн энэ нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төсөл 2018 оны мөнгөний бодлоготой хэр зэрэг уялдаж байна вэ?

Валютын ханшийг буулгах уу? Ханш буурах уу эсвэл бодлогын түвшинд ханшийг нь барих уу? Монголбанк тодорхой хэмжээний валют худалдаж авж байна гэсэн мэдээлэл авсан. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямр бодлого явж байна?

Зээлийн хүүг өнгөрсөн онд эдийн засгийн аргаар буулгаж чадаагүй. Тиймээс эдийн засгийн арга, захиргааны аргуудыг хослуулж хийх арга байна уу?

АЖЛЫН ХЭСЭГ: ОУВС-Д ТӨСӨӨЛӨЛ ДЭЭР ТУЛГУУРЛАСАН ТООЦОО ГАРГАЖ ӨГСӨН

2018 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл эхлээд УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдана. Энэ чиглэл дээр тулгуурлаж 2018 оны төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдэд тулгуурлаж боловсруулна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа баримт бичигт монголбанк их ач холбогдол өгч байгаа.

Бидний 2018 оны мөнгөний бодлогыг боловсруулах ажил эхэлчихсэн байгаа. Засгийн газраас өргөн барьсан нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл дээр байгаа зарим тоонуудтай харьцуулахад их ялгаатай байна. Тухайлбал, инфляцийн түвшинг бид загийн газрын тооцсон 6,1 гэсэн хэмжээнээс давж гарна гэж харж байгаа. 8 орчим хувьтай байна гэсэн урьдчилан тооцоог хийсэн.УИХ-ын намрын чуулганд оруулж ирэхдээ дахин сайн нягталж та бүгдэд танилцуулах болно.

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөөлөл, зорилтот үзүүлэлт 2 зөрүүтэй гарна гэж тооцож байна. Бид ОУВС-д дандаа төсөөлөл дээр тулгуурласан тооцоог гаргаж өгсөн. Зорилтот үзүүлэлт бол төсөөллөөс тодорхой хэмжээгээр давж, илүү гарах магадлалтай.

Ханшийн тухайд Монголбанк валютыг худалдаж аваад, ханшийг зориуд барьсан зүйл байхгүй. Өчигдөр валютын арилжаа явагдсан. 139 сая ам.долларыг худалдах, аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкуудаас Монголбанкад худалдах санал орж ирснийг аваагүй.

ОУВС-гийн хөтөлбөрт орж байгаа үйл явдал дээр үндэслэж аж, ахуйн нэгж, арилжааны банкууд тодорхой дүгнэлт хийж, өөртөө байгаа валютыг худалдах процесс идэвхтэй явагдаж байна.

Энэ байдлаар явбал цаашдаа ханш тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж, төгрөгийн ханшийг чангарна гэж харж байна.

Зээлийн хүү буулгах явдлыг захиргааны аргаар хийхэд түвэгтэй. Учир нь арилжааны банкуудын авч байгаа мөнгөний эх үүсвэр их үнэтэй орж ирж байгаа. Тиймээс гаргаж байгаа зээл нь ч үнэтэй байна.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ДООД ХЯЗГААРААР ТООЦОЖ БАЙГАА

Эдийн засгийн өсөлтийг 2018 онд 1,8 хувьтай байхаар, нэгдсэн төсвийн алдагдлыг 9,5 хувьтай байхаар баталсан. Энэ тооцоолол дээр 2018 оны үндсэн чиглэлийг эдийн засгийн тооцоог гаргасан. Бид дандаа доод хязгаараар тооцож байгаа. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn