Батболд.Су Ж.Мөнхбат 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Хотын дарга Засгийн газрын гишүүн болох уу?

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн явцад хотын төвлөрлийг сааруулах талаар нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоёр нийслэлтэй байж болох эсэх, хот бие даан хөгжих боломж, хот тохижилт, арчлалт зэрэг олон чухал асуудал хөндөгдсөн юм.

Тэдгээрийн дотор хэд хэдэн гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Засгийн газрын гишүүн байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан нь сонирхол татлаа.

Нийслэлийн Засаг дарга нь хотын дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх бодлого боловсруулж, газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй.

Мөн нийслэлийн батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөх зэрэг хуулиар тогтоосон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бол нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, нийслэлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдтай шууд харилцах, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулагч үйлдвэр, обьектын газрыг мэргэжлийн байгуууллагын дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргана гэж заажээ. Тэр дундаа нэг онцлох заалт байгааг дурдъя.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана. /Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 8,3 дахь хэсэг/

Харин нийтлэлийн эхэнд дурдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төсөлд хотын дарга нь нийслэлийн оршин суугч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж, эрчим хүч, нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор ААН, байгууллагын ажил эрхлэх, дуусах цагийг тогтооно.

Мөн нийслэлийн үйлчилгээний газруудад цагийн хязгаар тавьж, агаарын бохирдлыг бууруулахын тулд хориглосон тээврийн хэрэгслийн жагсаалт батлан, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгийн хил заагийг тогтооно зэрэг шинэлэг зохицуулалт оруулжээ. Гэхдээ эдгээр зохицуулалтан дунд миний дээр дурдсан онцлох заалт тусгагдаагүй байна. Тиймээс ч одоогийн хуульд байгаа зохицуулалтыг хэвээр хадгалахыг хүссэндээ УИХ-ын гишүүд хотын дарга нь Засгийн газрын гишүүн байх ёстой гэсэн байр суурьтай байж болно.

Хуульд зааснаар бол хотын даргын эрхлэх асуудлын хүрээ, бүрэн эрх харьцангуй өргөн бөгөөд чамлахааргүй байна. Гэхдээ бодит байдалд нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрх мэдэл нь хүрэлцдэггүй учраас Засгийн газрын гишүүний статустай байх шаардлагатай байж болох. 

Хэрэв хотын дарга Засгийн газрын гишүүн болбол эсвэл Засгийн газрын гишүүн нь хотын дарга болдог бол эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, УИХ-аас гарсан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэн, ажлынхаа үр дүнг Ерөнхий сайд, УИХ-ын өмнө дангаар, Засгийн газрын үйл ажиллагаанд хамтын хариуцлага хүлээх юм. Товчхондоо Ерөнхий сайдын удирдлага дор очно гэсэн үг.

Одоогийн эрх хэмжээгээр бол хотын дарга НИТХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулж, нийслэлийн бодлогыг тодорхойлох хууль тогтоомж боловсруулсан бол Засгийн газраар дамжуулж, асуудлыг УИХ-д оруулдаг. Хэрэв Засгийн газрын гишүүн болбол холбогдох хууль тогтоомжийн төслийг шууд УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn