УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.06.30

Ц.Даваасүрэн: Нийслэл биш хөдөө орон нутагт амьдрахад нэн тааламжтай орчин бүрдүүлмээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэл ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Өнөөгийн цаг үетэйгээ нийцүүлсэн эрх зүйн зохицуулалт оруулсан байна гэж үзээд уг хуулийн төслийг дэмжиж байна. Нийслэл нь санхүүгийн хувьд бие даасан байх зохицуулалтуудыг нэмж тусгахыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй болов уу. Орлогоо яаж бүрдүүлэх тал дээр анхаарах нь зөв байх. Миний анхаарлыг татаж, асуухыг хүссэн гол зүйл бол төвлөрлийг яаж сааруулах вэ?

Хот нэн тааламжтай байж болохгүй. Нэн тааламжтай байснаар Монголын гурван сая иргэн бүгд амьдрахыг эрмэлзэнэ. Олон зууны туршид хоёр том гүрний дунд тэсч үлдсэн шалтгаан бол өргөн уудам газар нутаг, мал аж ахуй шүү дээ. Хөдөөнөөс хот руу шилжин ирэгсдийн дийлэнх нь зуданд малаа алдсан иргэд байдаг. Эдгээр иргэдийн амьжиргааг яаж дээшлүүлэх, хотод төвлөрөхөөс сааруулах тухай бодлого боловсруулмаар санагдах юм.

Агаарын бохирдлыг бууруулахад зориулсан хөрөнгө малаа алдсан иргэдийг малжуулах хэмжээнд хүрсэн байдаг. Үргүй зүйлд мөнгө зарцуулж байхаас хотоос зайдуу бүс нутагт фермерийн аж ахуйг хөгжүүлж, иргэдээ ажлын байраар хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах хэрэгтэй.

1990-ээд оноос өмнө Монголд төр байжээ. Аливаа ажлыг бодлогоор зохион байгуулж чаддаг байлаа. Хаана хөдөлмөрлөх хэрэгцээ байна тэнд иргэдээ зохион байгуулж ажиллуулж чаддаг байсан. Өнөөдрийн Дархан, Эрдэнэт зэрэг том хотыг босголоо. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэг ч хот босгосонгүй. Тиймээс нийслэлийн хөгжлийг дагасан хөдөө аж ахуйн бүс, бүтцүүдийг бий болгох, цаашлаад хөдөө, орон нутагт амьдрахад нэн тааламжтай орчин бүрдүүлэх чиглэлээр хотын удирдлагууд Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Хотын төвлөрлийг сааруулснаар агаар, хөрсний бохирдол дагаад буурна шүү дээ. Энэ ч үүднээс хотын төвлөрлийг сааруулах зорилгоор ойрын хугацаанд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна? 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: 

Нийслэлийн төр засгийн байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллагуудыг зарим дүүрэг, дагуул хот, дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг НИТХ удирдан чиглүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасан. 

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийслэл найман дэд төвтэй байхаар заасан. Одоогийн байдлаар хоёр дэд төвийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвүүдэд дэд бүтцийн шугам сүлжээ татсанаар төрийн болон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ. 

Энэ ч үүднээс дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийг хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаатай 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд зааж өгсөн байгаа. Харин хуулийн төслийн хэрэгжих хугацааг улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан тавьж өгөх боломжтой гэж бодож байна. 

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд аймгийн төв, дагуул хотуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотын хөдөө аж ахуй гэсэн бие даасан ойлголт бий. Энэ зорилтын хүрээнд хурдны зам дагуу чөлөөт бүс байгуулж, мал аж ахуйн гаралтай экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр, орлоготой болгох бодлого барьж байна.