Нийслэлийн иргэн, оршин суугч та ямар эрх, үүрэгтэй вэ?
Төв талбай
2017.06.23

Нийслэлийн иргэн, оршин суугч та ямар эрх, үүрэгтэй вэ?

Улаанбаатар хотын өнөөгийн тоон үзүүлэлт

- Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой.

- Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456-д хүрсэн.

- Жил тутам дунджаар 30 29 хүн нийслэл хотод шилжин ирж байна.

- Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 42 790 хүүхэд шинээр мэндэлдэг.

- Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 14,8 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна.

- Нийслэл хотод нийт 43 490 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа нь нийт ААН-ийн 63 хувийг эзэлж байна.

- Нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1,3 сая гаруй буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрлээ.

- Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон. Тиймээс нийслэлийн иргэн, оршин суугч таны эрх, үүрэг юу вэ?

Нийслэлийн засаг захиргааны нэгжид бүртгүүлэн 183 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийслэлийн оршин суугч гэнэ.

Нийслэлийн оршин суугчийн эрх

- Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаар хэлэлцэж байгаа асуудлаар мэдээлэл авах, санал өгөх

- Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан санал дэвшүүлэх

- Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн хэрэгцээний барилга байгууламж, зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулж өөрийн өмчлөл эзэмшил, ашиглалтад байгаа газраа чөлөөлсний төлөө зохих журмын дагуу нөхөх олговор авах

- Нийслэлийн оршин суугч өөрийн санаачилгаар орчноо тохижуулах, мод бут тарих болон нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө урамшуулал авах, хөнгөлөлт эдлэх

Нийслэлийн оршин суугчийн үүрэг

- Хуульд заасан журмын дагуу албан татвар, хураамж, төлбөр төлөх

- Нийслэлийг хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцох        

- Нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, амьдарч байгаа орчноо цэвэр байлгах

- Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суух

- Оршин суугаа нутаг дэвсгэртээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны болон цагдаа, онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох, нийгмийн хэв журмыг сахих

- Нийслэлд оршин суухдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяалах хороонд 10 хоногийн дотор бүртгүүлэх

- Түр хугацаагаар оршин суугч нь хүндэтгэх шалтгааны улмаас нийслэлд үргэлжлүүлэн оршин суух бол мөн хугацаагаар сунгуулах

- Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх

Эх сурвалж: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл