Б.Саранчимэг: Дулааны шугам янзална гээд ногоон байгууламжийг устгаж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэд хэдэн зүйл тодрууллаа.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Манай улсын хөгжлийн зорилтыг тодорхойлсон бодлогын баримт бичгүүд, дэлхийн нийтийн хотын хандлага, өнөө цагийн өөрчлөлтүүдийг харгалзан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг болсон.
Хуулийн төсөлд, дүүргийн ИТХ-ын даргыг дүүргийн Засаг даргын албан тушаалтай, аймгийн ИТХ-ын даргыг аймгийн Засаг даргын албан тушаалтай тус бүр адилтган авч үзэх тухай заажээ. Мэдээж ингэж адилтгаж байгаа нь зөв. Гэхдээ манай хотын хүн ам, эрхлэх ажил маш олон. Зарим дүүргийн иргэн аймгийн хүн амтай дүйцэхүйц, түүнээс илүү байдаг. Тиймээс иргэддээ төрийн анхан шатны үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай болсон. Тухайлбал,
СХД, Баянзүрх дүүрэгт маш олон хүн амтай хороод бий. Зөвхөн миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо гэхэд 21 мянган хүн амтай. Гэтэл Говьсүмбэр аймаг 12 мянган хүн амтай байх жишээтэй. Үүнтэй уялдуулан нийслэлийн дүүргийн хороодын эрх зүйн байдал, санхүүг бэхжүүлэх талаар ямар зохицуулалт оруулсан бэ?
Хуулийн төсөлд нийслэлийн нутагт дэвсгэрт тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Тухайлбал, ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут сөөгийг хугалах, устгах, сүйтгэхийг хориглосон. Энэ нь маш зүйтэй. Гэхдээ өнөөдөр байшин барилга, дэд бүтцийн ажил явуулахдаа маш олон модыг гэмтээж байгаа боловч нөхөн тарьж байгаа эсэх нь учир дутагдалтай.
Саяхан би Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд очиж үзэхэд 10, 20 гаруй жилийн өмнө тарьсан модыг устгаж, барилга, бүтээн байгуулалтын ажил явуулж эхэлсэн. Шилжүүлэн суулгасан моднууд нь ургалгүй үхсэн. Маш их хөрөнгө, хөдөлмөр гаргаж байж тарьж ургуулсан модоо устгаж, эргээд нөхөн тарихгүй байгаад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Нэг ажлыг хийх гээд нөгөө ажлыг үгүйсгэх зүйлс ч олон байна. Тухайлбал,
Миний сонгогдсон тойргийн цэцэрглэгт 69,5 сая төгрөгөөр тохижилт хийсэн боловч дулааны засвар үйлчилгээ хийх гээд эргээд нураах шийдвэр гарсан байдаг. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж нийслэлийн удирдлагуудад албан хүсэлт илгээсэн ч одоог хүртэл хариу ирээгүй. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, хуулийн төсөлд төрийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн зохицуулсан бэ?
Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ялангуяа хотжилт эрчимжиж байгаа энэ үед хүмүүс орон сууцанд амьдрах болсон. Орон сууцны доторх ногоон байгууламж, бүтэц, зохион байгуулалтыг СӨХ хариуцдаг. Тиймээс СӨХ-тэй хамтран ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан уу?