С.Чинзориг: Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн байх ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
Хүн амын 50 орчим хувь нь нийслэлд төвлөрч байгаа учраас Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг нэмэх шаардлага тулгарч байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бол Засгийн газрын гишүүн байх ёстой гэж боддог. Өргөн барьсан тухай энэ асуудал тусгагдаагүй байна.
Хот төлөвлөлттэй холбоотой асуудал тусдаа хуулиар зохицуулагдаж байна уу? Хот төлөвлөлт бол нийслэлийн тулгамдсан асуудал. Хуулийн төслийг харахад дэд бүтэцтэй холбоотой хоёр асуудал байгаа нь хот тохижилт, нийслэлийн авто зам гэж байна. Тэгвэл хот төлөвлөлт, барилгажуулалттай холбоотой асуудал ямар хуулиар зохицуулагдах вэ? Агаарын бохирдлоос шалтгаалж Улаанбаатар хотын хэдэн хувийг орон сууцжуулах вэ?
Дагуул хот, дэд төвүүд гэж хуулийн төсөлд дурдагдсан атлаа хот төлөвлөлт гэж ерөнхий асуудал тусгагдаагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх тэр дундаа зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн ямар дэвшилтэт зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам талбай, барилга байгууламжаар чөлөөтэй зорчих талын зохицуулалт оруулав уу? Уг хуулийн төслийг харахад, нийслэлийн нийт авто замын 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулна гэж байна. 10 хувь гэдэг бага тоо биш үү?
Төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн оршин суугч хөдөө, орон нутагт шилжин амьдарвал ямар татварын ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Ийм хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Ингэснээр нийслэлийн төвлөрөл саарахад бодит дэмжлэг болно.
Цаашид дүүргийн статусыг өргөжүүлэх, Засаг даргын эрх хэмжээ нэмэх тал дээр ямар бодлого барьж байна? Зарим дүүрэг 4-5 аймгийн хүн амтай дүйцүүлэхүйц иргэн амьдарч байна. Энд ажилладаг төрийн албан хаагчдын зэрэглэл, ангиллыг дээшлүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байна.