Занданшатар.Г 2017.12.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн дэмжих санхүүжилтийн хэлэлцээрийг өргөн барилаа

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн дэмжих санхүүжилтийн хэлэлцээрийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай  хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

I.            Хөтөлбөрийн зорилго: 

Хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх болно.

II.            Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, макро эдийн засгийн хүндрэл, өрийн хуримтлал, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулахад шаардлагатай бодлогын арга хэмжээ, стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

III.           Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд:

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авснаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих бодлогын арга хэмжээнүүд байна.

Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай 3 үе шаттай байх бөгөөд нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд 9-ийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамд хариуцан хэрэгжүүлнэ.

IV.          Хөтөлбөрийн санхүүжилт, нөхцөл:

Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.  

V.           Хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт:

Хөтөлбөрийн эхний үе шатны хүрээнд 9 бодлогын арга хэмжээг урьдчилсан нөхцөлөөр тусгасан бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж дуусаад байна гэж төсөлд дурдагджээ.