Үйл явдал3 мин унших
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) цахим хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар Сангийн Дэд сайд танилцуулгадаа дурдаад, эдгээр зорилтуудын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна гэв.

Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил; болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ба олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь + хувьсах хүү 0.93 хувь байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна гэж хэлэлцээрийн төслийн танилцуулгад дурдсан байлаа.
